Фокус группын уулзалт боллоо
Саяхан Монголын барилгын үндэсний ассоциаци, Япон улсын Хоккайдогийн барилгын холбоо, барилгын технологийн төв хамтран ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр “Хүйтэн сэрүүн бүсийн барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны технологийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон юм.     
 
 Төслийн ажил ирэх 11-р сараас нэг жилийн хугацаатай хэрэгжиж эхлэх ба ассоциацийн гишүүн компаниуд уг төсөлд хамрагдах боломжтой. Уг төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар гишүүн компаниудын ХАБ-ын инженер, хяналтын инженерүүдтэй фокус группийн уулзалтыг ажлын албаны ажилтнууд зохион байгууллаа. Уулзалтад МБҮА-ийн гишүүн Жигүүр гранд, Эс девелопмент, Орчлон констракшн, Гандирс групп, Эко констракшн, Ноён трейд зэрэг 10 орчим гишүүн компанийн хөдөлмөр хамгаалалтын болон хяналтын инженерүүд оролцож  хүйтний улирал дахь барилгын ажил дээр гардаг ослын шалтгаануудыг тогтоох, Монгол дахь загвар барилга дээр дадлага явуулах зэрэг олон чухал асуудлуудын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцов.
 
 Тэд ХАБЭА хариуцсан ажилтан, ажил олгогч удирдлага, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, туслан гүйцэтгэгчид бүртэй хийх гэрээний хавсралтад ажил үүргийн онцлогтой холбоотой ХАБ-ын нөхцөлүүдийг тусгах загварууд гаргах, ажилчдад зориулсан гарын авлагыг зурган хэлбэрээр гаргаж олшруулан тараах, барилгын компанийн эзэн, удирдлагуудад  зориулсан сургалт зохион байгуулах, төсөлд хамрагдах компаниудын шилдэг инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, эргүүл гаргаж барилгын талбай дээр ажиллуулах, туршлага солилцох, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран осол аваараас  урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт явуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй хэлэлцүүлэг, нэвтрүүлэг бэлдэж явуулах, Японд барилгын талбай дээр очиж суралцах сургалтад аль болох олон хүн хамруулах нь зүйтэй юм гэсэн саналууд гаргалаа.
 
 Ажлын албанаас дээрх саналуудыг Японы талын хамтран төсөл хэрэгжүүлэгч байгууллагууддаа уламжилж төлөвлөгөөндөө тусгуулах талаар ярилцана гээд ерөнхий гүйцэтгэгч компаниудаас гадна туслан гүйцэтгэгчдийг орхигдуулахгүй байх, тэдний аюулгүй ажиллагааг сайжруулах, өсч бойжиход тусалж дэмжиж байх нь чухал, сүүлийн үед гарч байгаа барилгын талбай дээрх осол аваар нь ихэвчлэн туслан гүйцэтгэгчид, бригадуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан гарч байгааг онцоллоо.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-03-23 өдөр 10:58:1 цаг