2013 Чех уулзалт
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай уулзаж ярилцлаа.
 
Уул уурхайн салбарын уналт эдийн засагт асар хүчтэй доргилт өгч байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний зах зээл  улам хумигдсаар байна. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 14 сая тонн  нүүрс экспортод гаргасан гээд байгаа ч орлого өссөнгүй. Шинэ Ерөнхий сайд эхний ээлжинд Тавантолгойн төслийг урагшлуулна гэж амалсан?
Эдийн засаг уналттай байгаа энэ үед хөрөнгө оруулалт, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд уул уурхайн салбарыг барьж авах нь чухал.  2011-2012 онд уул уурхайг буруу замаар оруулсан.  Манай бүх давхрагын шантаажчдаас болоод эдийн засаг битүү хар хонгил рүү орчихлоо.  Саарал ордоных нь шантаажид гудамжныхтайгаа нийлээд, гудамжных нь орон нутгийн архичидтай нийлээд хөрөнгө оруулагчдаа хөөсөн. Үнэндээ Монголын эдийн засгийн өнөөдрийн уналтад  шантаажлагчдын оруулсан “хувь нэмэр” их байгаа.  Хаана баялаг бүтээж, хаана хуримтлал үүсч,  хаана мөнгө бий болно, тэнд шантаажлагчид шавдаг. Барилгын осол гараад байхад шантаажлагчид дуугарахгүй мөртлөө уул уурхай руу яагаад дайрдгийг би чамд тайлбарлаж болно.
 
Таны хэлснээр уул уурхайн салбар мөнгө үйлдвэрлэдэг болохоор тэр байх?
Тийм, уул уурхай Монголд валютын хуримтлал үүсгэж байгаа ганц салбар.   Валютын хуримтлал хаана бий болно, тэнд шантаажлагчид баасны ялаа шиг овоордог юм.  Орон нутгийн нэг архичин уул уурхайн компани дээр шантааж хийгээд, ажилд нь саад болох нь байдаг л үзэгдэл болсон ш тээ.  Дээр нь иргэний хөдөлгөөнийхөн нэртэй  баасны ялаанууд байна. Бас саарал ордны “батга”-нууд ил далд иргэний хөдөлгөөнийхнийг сумлаад л сууж байдаг нь худлаа биш болсон.   Орон нутгийн удирдлагууд  гэж  Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажилласан нөхдүүд  байна. Засгийн газар нь хөрөнгө оруулалт татах гээд махийгаад байдаг, орон нутгийнхан нь хөрөнгө оруулагчид дээр очоод  дарамтлаад байдаг. Төрийн  бодлогод уялдаа байхгүй. Шат, шатандаа л шантаажлагчид бий болохоор эдийн засаг энэ байтугай унах нь зөв биз дээ. 
 
Нээрэн ч манайхан шиг хөрөнгө оруулагчид руугаа буу шагайдаг. Ир, ир гэж урьчихаад  өөдөөс нь зуудаг нохойгоо тавьчихдаг улс байхгүй биз дээ?
Манай шантаажлагчид бүр мэргэжлийн төвшинд оччихсон ш тээ.  Хөрөнгө оруулагчдыг наанаа үзэн ядсан хүмүүс. Цаанаа бол тэднээс мөнгө саах л зорилготой.  Өмнөговийн уурхайд ажиллаагүй мөртлөө цалин авдаг гарууд зөндөө байдаг.  Ажлаа тайван хийхийн тулд хөрөнгө оруулагчид ажилд аваад, сул цалин өгөөд л явдаг.  Хуулиндаа орон нутгийн иргэдээс заавал авч ажлуулах ёстой гээд заачихсан.  Гэтэл орон нутагт ажил хийж чаддаг хүн байдаггүй. Мэргэжилгүй, боловсролгүй, дээрээс нь ажлын хариуцлага муутай.   Тийм хүмүүс яаж өндөр техник хэрэгсэл дээр ажиллаж чадах билээ.  Авахгүй гэхээр орон нутгийн удирдлагууд нь шахаад, дарамтлаад , 60 хувийг нь орон нутгаас ав гэсэн  хуулийн заалтаар далайлгахаар арга ядахдаа ажилд авсан нэртэй сар болгон сул цалинжуулаад явуулах билээ. Авлаа ч ажил хийж мэдэхгүй. Техник хэрэгсэлийг нь эвдээд, эсвэл хөдөлмөр хамгааллыг нь зөрчөөд  үхэж мэднэ.  Энэ мэтийн санаа нь сайхан юм шиг хэрнээ амьдрал дээр хэрэгжихэд хэцүү заалтуудаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа залхаах, дарамтлах хэрэггүй юм шиг санагддаг. Гээд би ямар хууль батлагч биш шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд хөрөнгө оруулагчдад ийм зовлон байна гэдгийг л хэлж байгаа хэрэг.  Хөрөнгө оруулагчдыг ажлыг алсан, цагийг барсан, дур сонирхлыг нь үхүүлсэн шантаажлагчид минь, үүнийгээ зогсоохгүй  бол эдийн засаг чинь болохоо байлаа. 
 
Одоо Оюутолгойг, Тавантолгойг нийлж идэх нь гэсэн эсэргүүцэл гараад эхэллээ. Уг нь эдгээр төслүүд урагшаа явбал Монголын эдийн засагт л ашигтай баймаар?
Нэг том төслийг дагаад мянган жижиг төсөл амь ордог юм. Нэг том төслийн хүрээнд зуун мянган хүн талхаа олж идэх боломж бүрддэг юм.  Төр тэднээс татвараа авч мөнгө хуваарилахаас илүү хувийн бизнес хөгжих маш том дэмжлэг нь болж өгдөг.  Тэнд монголчууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл нийлүүлснээрээ тэжээгддэг.  Засгийн газар болгон л жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж төсвөөс бөөн мөнгө хуваариладаг. Сан хүртэл байгуулаад ч олигтой үр дүнд хүрэхгүй байна шүү дээ.  Том төслүүд урагшаа яваад эхлэнгүүт аандаа жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө бий болдог. Тугалаа сайн цатгаж, бяруу, цаашлаад бух болгож   чадах сүүтэй үнээнүүд нь том төслүүд.  Тэгж байж л тугал бяруу болно, үнээ болно, үржинэ. Эхээс төрсөн тугалыг бяруу болгоход эх сүүтэй байх л чухал. Герман “Хонда” компаниа, Солонгос “Хюндай”, “КИА”-гаа, Японы “Тоёота”-аа дэмжиж хүчирхэг болгож байж хөгжсөн. Харин манайхан болохоор  дээрэмдэж аваад хувааж идэхийг л боддог хүмүүс.
 
Тавантолгойн тендер зарласантай холбоотойгоор “оля”-нуудын гарт орлоо гэсэн шүүмжлэл гараад байгаа?
Өмч нь төрдөө, менежмент нь  хувьдаа байвал эдийн засагт илүү ашигтай. Гаднаас хэдэн такси оруулж ирээд, хэдэн хүн түрээсээр өгөөд хоёр жилийн дараа өөрт нь шилжүүлдэгтэй адилхан менежмент шүү дээ. Гэтэл төр өөрөө такси оруулж ирээд, таксинд яваад мөнгө цуглуулах гээд оролдоод байна.  Зүгээр л өмчөө өөртөө үлдээгээд менежментийг нь хувийнхнаар хийлгүүлчих.  Хамгийн гол нь шилдэг менежментыг олж хамтрах  хэрэгтэй. 
 
Тавантолгойн тендерийн ялагчийг арваннэгдүгээр сарын 1-нд тодруулах байсан боловч оролцогчид бага байна гэдэг үүднээс ирэх сарын 1 хүртэл хойшлуулсан. Энэ асуудал юу болж байна. Та ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гэсэн?
Зогсонги байдалтай байгаа.  Тавантолгойг  эдийн засгийн эргэлтэд оруулахаар  жараад оноос хойш ярилаа. Сүүлийн гурван засгийн үед тендерийг нь зарлалаа.  Дөрөв дэх засаг дээрээ энэ асуудал шийдэгдэх эсэхийг хүлээгээд байж байна.  Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлого хийх бүрт шантаажлагчид саад болж байна.  Далдын ямар нэгэн сонирлын хатгаасаар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын эсрэг ажиллаж байгаа хүмүүс гудамжинд ч байна, саарал ордонд ч байна.  Зориудаар саад хийж байгаа нь  харамсалтай. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулаад, монголчуудын амьдрал дээшлэх вий гэхээс л айгаад байх шиг. Миний хувьд шилдэг менежерийг сонгох нь зөв. Тэр нь гадаадынх  байна уу, дотоодынх байна уу хамаагүй. Муу менежменттэй бол нүүрс битгий хэл алт байгаад ч нэмэргүй шүү дээ.   Менежмент нь сайн байвал төр бүх боломжоор дэмжих ёстой. Нэг жишээ татъя л даа. Нэгэн албан байгууллагын цэвэрлэгч байлаа гэхэд дээрээс саванг нь, угаалгын нутгийг нь авч өгөхгүй бол хичнээн зүлгээд шал нь гялалзахгүй. Аль эсвэл ажлаа хиймээр байхад нь дарга нар нь өрөөнд нь архидаад гарч өгөхгүй бол яахав. Үүнтэй адилхан хийх боломжоор нь төр хангачих.
 
Хичнээн компани тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн бэ?
Гурав, дөрөвхөн компани сонирхлоо илэрхийлж байгаа. Өмнөх 2011 оныхтой харьцуулахад өнөөдөр Тавантолгойг гэх компаниудын сонирхол буурч.
 
Яагаад тэр вэ?
Нэгдүгээрт, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сайнгүй байна. Хоёрдугаарт, манай дотоодын хууль эрх зүйн орчин муудсан.  Сая гэхэд энэ компаниуд Алтанхуягийн Засгийн газартай гэрээ хийчихсэн бол хэцүү л байдалд орохоор байлаа ш тээ.   Монголын улс төрийн орчин баталгаагүй, асар их эрсдэлтэй гэдэг ойлголт гадныханд төрчихөөд байна. 
 
Нүүрсний зах зээл сэргэх хандлага байна уу. Хятад улс импортын татвараа нэмсэн нь манай компаниуд хүндээр тусч байх шиг?
Нүүрсний салбарт манай хоёр том өрсөлдөгч Австрали, Индонейз хоёр Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулаад нүүрсээ татваргүйгээр экспортлохоор болчихлоо. Гэтэл манайхан шалдар, булдир жижиг юм яриад, гуйлгачин царайлаад явж байна. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд Хятадад айчлахдаа “бусдаас нь татвараа ав, манайхаас битгий аваач” гээд л гуйгаад явж байна. Ингэх доошоо орох хэрэггүй.  Аливаа наймаа хоёр талд харилцан ашигтай байх ёстой. Монгол Улс өөрийгөө үнэлж байгаа бол тэр зарчмаа барьж ажиллах ёстой. Бид татвараа бууруулаач гэж гуйгаад явж байх биш харин Гашуунсухайт-Ганцмодны боомтоо олон улсын статустай болгохын төлөө ажиллах ёстой байсан юм.  Гашуунсухайт, Ганцмодны боомтыг олон улсын статустай болгоход нэн түрүүнд анхаарал тавина гэж Си Жинпинийн амалсан. Энэ амлалтыг нь нэхээд ажил болгох ёстой юм. Хэрэв  Гашуунсухайт-Ганцмодны боомт  олон улсын статустай болчихвол манай нүүрс эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ. Одоо бол манай нүүрс эцсийн хэрэглэгчдэд хүрэх гэж маш олон ченжийн гар дамжиж байна. Бид хамгийн хямдхан үнээр өгч, ченжүүд цааш нь дамлаад хамгийн өндөр үнээр эцсийн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Энэ дундын дамжлагыг алгасаад шууд эцсийн хэрэглэгчидтэй харилцаа тогтоогоод эхэлбэл юун татвар шүү дээ. 
 
Хятадууд манайхныг  нэлээд дарамталдаг гэж сонссон?
Үнэн шүү дээ. Гурван жилийн өмнө Эзнээ хошууны дарга манайхантай муудаад боомтоо хаачихаж билээ. Г.Занданшатар нот бичиг явуулж байж нээсэн шүү дээ.  Манай бизнесийнхэн чинь урагшаа хятадуудад, хойшоо оросуудад дарамтлуулна. Ядаж л дотоодынхоо дарамт шахалтыг багасгамаар байх юм.
 
Нүүрс гэхээр араас нь төмөр замын асуудал заавал ярихаас өөр аргагүй болдог.  Хятадын дарга манайд айлчлахдаа далайд гарах гарцыг нээгээд өгчихлөө. Гэтэл бид далайд хүрэх төмөр замгүй сууж байдаг?
Өөрийнхөө гарч явах хаалгыг нээхгүйгээр далайд хүрэх боломжгүй.  Гашуунсухайт-Ганцмодны боомтоо олон улсын чанартай болгоё. Таранзит тээврийн асуудлаа шийдье.  Ченжүүдээр дамжуулахгүйгээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх арга замыг хайх ёстой.  Яг энд л төрийн оролцоо хэрэгтэй. Тэр нүүрс ухах биш, төр хаана оролцох вэ гэвэл дэд бүтцээ сайжруулах, олон улсын гадаад худалдаанд яаж оролцох вэ? гэдэг том бодлогын асуудлыг л шийдвэрлэж байх ёстой юм.
 
Экспортын нүүрсний компаниудаас гадна эрчим хүчний нүүрсний уурхайнууд ч бас хүндрэлтэй байна. Эрчим хүчний салбар тэр чигээрээ уналтын байдалд орлоо гээд байгаа. Гэхдээ тэдний алдагдлыг бууруулах гэж ард түмний нуруун дээр ачаалал нэмэх хэрэггүй биз дээ?
Эрчим хүчний уурхайнууд өнөөдөр тун хүнд байгаа. Бүгд өр, авлагатай. Дулааны цахилгаан станцууд нь мөнгөө төлж чадахгүй, салбараараа хавтгай хямралд орсон.  Шивээ-Овоо тонн тутмаасаа 4000 төгрөг, Шарын гол 8000 төгрөг, Адуунчулуун 4000 төгрөгийн алдагдалтай явж байна.  Энэнийг яаж шийдвэрлэх ёстой юм бүү мэд.  Миний бодлоор уурхайнууд нь ч, станц нь ч алдагдалтай ажиллаж байхаар алдагдлаа станц дээрээ төвлөрүүлсэн нь дээр.  Мэдээж, цахилгааны үнийг шууд чөлөөлөх нь хүнд.  Гэхдээ салбараараа элгээрээ хэвтсэн байдалтай ингэж явуулаад байх боломжгүй.
 
Тавдугаар цахилгаан станцын асуудал юу болсон бэ?
Мартсанаас мал мэнд үү гэгчээр үү. Манай салбарын  гурван үгтэй онигоо шүү дээ, наадах чинь.
 
Монгол Улсын хувьд ганц даваа байдлаа ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл  хэлдэг. Тэр нь Хятадын зах зээлд ойр байдал?
Бидний өрсөлдөх үнэмлэхүй давуу тал байна. Нэгдүгээрт,  том зах зээлийн хаяанд оршиж байна. Хоёрдугаарт, экспортын нүүрсний нөөц их. Гуравдугаарт. Манай газрын доорх нүүрсний чанар маш өндөр.  Манайх түүхий нүүрсний илчлэг, Австралийн хэд дахин угааж, баяжуулсан нүүрснийхтэй адилхан. Гэтэл энэ үнэмлэхүй боломжуудаа ашиглаж чадахгүй байна?
 
Орос улс Хятадын зах зээлд түрэн орлоо?
Орос бол нүүрсний салбарын тухайд манай гол өрсөлдөгч.  Бид уг нь жаахан толгойгоо ажлуулчих юм бол баллаад хаячихаар байгаа л даа.  Даанч дэд бүтэц нь алга.  Монголчууд зөв хөдлөх юм бол нүүрсний том тоглогч болоход ойрхон байна. Даанч эдийн засгийн чухал шийдвэрүүдийг улстөрчдийн оролцоотойгоор унагах шилдэг аргыг гадныхан манайд хэрэгжүүлээд байх шиг.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-03-23 өдөр 11:04:3 цаг