МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ДҮРЭМ
Монголын барилгын үндэсний ассоциацийн
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн
 III чуулганы 4/16 дугаар тогтоолоор батлав.
 
 
 
МОНГОЛЫН  БАРИЛГЫН   ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН   ДҮРЭМ
 
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1.    Энэхүү    дүрмийн    зорилго    нь “Монголын    барилгын    үндэсний    ассоциацийн (цаашид “Ассоциаци”  гэнэ) байнгын, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор гишүүдийн болон  Ажлын алба, удирдлагын  эрх зүйн байдал, Ассоциацийн өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах хэм хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.    Ассоциаци    нь    Монгол  Улсын  хууль  болон  энэ  дүрэм,  тэдгээртэй  нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж болон гишүүдийн эрх ашгийг дээдлэх, улс төрөөс ангид, ил тод байх зарчмийг баримтална.
1.3.    Ассоциацийн оноосон нэр:
1.3.1  Монгол хэлээр: “Монголын барилгын үндэсний ассоциаци” товчилсоноор “МБҮА”
1.3.2  Англи хэлээр:  “Моngolian national construction association” товчилсоноор “MNCA”
1.4     Ассоциаци  нь өөрийн үйл ажиллагааны онцлогийг харуулсан билэг тэмдэг, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, банкинд харилцах данстай байна.
1.5     Ассоциаци нь өөрийн нэрэмжит шагналтай байна.
1.6     Ассоциаци нь гадаад орон болон орон нутагт салбартай байж болно.
1.7     Ассоциаци  нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотноо байрлаж, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулна.
1.8     Ассоциаци   нь албан ёсоор Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Гандирс тауэр”-ийн 401 тоот хаягт байрлана.
 
ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО
 
2.1.    Ассоциациийн эрхэм зорилго нь: Гишүүдийн нийтлэг эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлсөн, салбарын манлайлагч байгууллага байна.
2.2.    Ассоциациийн зорилго нь:
2.2.1. Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт сайн засаглалыг бий болгох;
2.2.2. Хот  байгуулалт,  дэд  бүтэц,  барилгын  салбарын  хууль  эрх  зүйн  орчинд шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэн, салбарын дүрэм журам, норм, стандартыг боловсруулахад оролцох, олон улсын барилгын гэрээний зарчимыг нэвтрүүлэх;
2.2.3. Барилгын  салбарыг  хөгжүүлэх,  барилгын  компаниудын  өрсөлдөх  чадвар, мэргэжилтний ур чадварыг сайжруулж, салбарын судалгаа хөгжлийг дэмжиж, тэргүүний технологийг нэвтрүүлэх замаар барилгын үйлдвэрлэлийн менежмент, чанарыг шинэ түвшинд гаргах;
2.2.4. Барилгын  зах  зээлийг  идэвхжүүлэх  ажлыг  зохион  байгуулах,  үл  хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.1.1. Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, гишүүд эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх.
 
2.3.    Ассоциаци нь дүрэмд заасан зорилгыг хангахад чиглэгдсэн дараахи үйл ажиллагааг эрхлэн явуулна:
2.3.1. Барилга, хот байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой  хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, ассоциацитай холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж, шаардлагатай үед байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргах;
2.3.2. Төрөөс хот байгуулалт, дэд бүтэц, барилгын салбарт баримтлах  бодлогыг хэрэгжүүлэхэд   хамтран ажиллах, бизнесийн таатай орчинг   бүрдүүлэхэд чиглэсэн санал, санаачлага гаргах;
2.3.3. Адил төстэй  үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллагад гишүүнээр нэгдэн орох, ижил зорилго бүхий өөрийн орны   төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
2.3.4. Барилгын салбарын тэргүүлэх мэргэжилтнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Ассоциацийн гишүүдийг  сургалт, зөвөлгөөн, давтан сургалтанд хамруулах, гишүүн байгууллагуудын   ажиллагсадын сургалт,   мэргэжил дээшлүүлэхэд туслах;
2.3.5. Барилгачдын  нэр  хүндийг  дээдэлж,  ахмад  болон  залуу  үеийн  холбоог бэхжүүлэх, хамтарч ажиллах, салбарын ажил, үйлчилгээтэй холбоотой гишүүдийн санал бодлыг төр засагт хүргэх, эрх ашгийг нь хамгаалах;
2.3.6. Гишүүдийн мэдээллийн сантай болох, мэдээлэл түгээх, мэдээллийн олон сувагтай байж, ил тод байх;
2.3.7. Мэргэжлийн   чиглэлээр   төрөл   бүрийн   уралдаан,   шалгаруулалт   зохион байгуулах, зуучлах, үр дүнг нь сурталчлах, Үндэсний болон олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, яармаг худалдаа, зөвлөгөөн зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах, оролцох;
2.3.8. Төрийн захиргааны төв байгууллагаас эрх шилжүүлсэн чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд гэрээгээр гүйцэтгэх.
 
ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ
 
3.1.  Ассоциаци нь дүрэмд заасан гишүүдээс бүрдсэн гишүүнчлэл бүхий байгууллага мөн.
3.2.  Ассоциаци нь өөрийн үйл ажиллагааг сурталчилах, гишүүнчлэлийг өргөтгөх   зорилгоор аливаа сонирхогч    иргэдэд хэзээд нээлттэй байж, тэдэнд үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломжоор хангана.
3.3.  Ассоциацийн гишүүд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:
3.3.1. Гишүүний эрх:
3.3.1.1. Гишүүд нь тэгш эрхтэйгээр байгууллагын үйл ажиллагаанд  оролцох;
3.3.1.2. Удирдах зөвлөлд сонгогдох, дотоод зохион байгуулалтын бүтцийн нэгжид томилогдон ажиллах;
3.3.1.3. Ассоциацийн талаарх санал,  хүсэлтээ  зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх;
3.3.1.4. Аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох;
3.3.1.5. Шинээр ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, үнэлүүлэх, гадаад  болон  дотоодод  зохион  байгуулагдах  төрөл  бүрийн  сургалтад хамрагдах, Удирдах зөвлөлийн Хороодын   хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах эрхтэй.
3.3.2. Гишүүний үүрэг:
3.3.2.1. Ассоциацийн дүрэм, журам, эрх бүхий этгээд/Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл/-ийн гаргасан шийдвэрийг даган  биелүүлэх;
3.3.2.2. Ассоциацийн  нэр хүндийг ямагт дээдлэн, бусдыг үлгэрлэн дагуулах;
3.3.2.3. Ассоциациас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
3.3.2.4. Удирдах  зөвлөлөөс  баталсан  гишүүний  татвараа  тогтоосон  хугацаанд саадгүй төлж, гишүүддээ хүндэтгэлтэй хандах;
3.3.2.5. Барилгын салбарт нэвтэрч байгаа шинэ технологи, материалын талаар олсон мэдлэгээ бусадтай нээлттэй, чөлөөтэй хуваалцах;
3.3.2.6. Ассоциацийн     нэр    хүнд,  үзэл    баримтлалд    сөргөөр    нөлөөлөх,    үл хүндэтгэсэн,  ёс зүйгүй аливаа үйлдэл хийхгүй байх.
3.4.    Энэ зүйлд заасан үүргээ үл биелүүлэн Ассоциацийн дүрэм, журмыг удаа дараа болон  ноцтой  зөрчсөний  улмаас  нэр  хүндийг  унагасан,  хохирол учруулсан  бол байгууллагын гишүүнчлэлээс хасах үндэслэл болно. Ийнхүү гишүүнчлэлээс хасахдаа байгууллагын дүрмийн 3.6 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэнэ.
3.5.    Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаас гаргана.
3.6.    Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд:
3.6.1. Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан;
3.6.2. Ассоциацийн  үндсэн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр  удаа дараа оролцоогүй бол;
3.6.3. Ассоциацийн  эрхэм зорилгыг   үл   хүндэтгэсэн,   ашиг сонирхлын   зөрчлөөр хандсан, гишүүний  ёс зүйд үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол.
3.7.    Гишүүн тухайн жилийн  татвараа төлөөгүй бол эрхийг нь түр түдгэлзүүлж,  хуралд саналын эрхгүйгээр оролцох ба ассоциацийн үйл ажиллагаанд оролцуулах боломж нээлттэй байна.
3.8.    Гишүүд  нь  Удирдах  зөвлөлөөс  тогтоосон  ангилалтай  байх  ба  аль  ангилалд гишүүнээр элсэх нь нээлттэй байна.
 
ДӨРӨВ. АССОЦИАЦИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
4.1.Чуулган
4.1.1  Ассоциацийн  эрх  барих  удирдлагын  дээд байгууллага  нь  3  жилд нэг  удаа хуралдах Чуулган байна.
4.1.2  Чуулган хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Удирдах Зөвлөл баталж, чуулган эхлэхээс 25 хоногийн өмнө нийт гишүүдэд албан ёсоор мэдэгдэнэ. Чуулганы   талаарх албан мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.
4.1.3  Ассоциацийн гишүүдийн тавны нэгээс доошгүй хувийн санал, эсвэл Хяналтын зөвлөлийн шаардлагын үндсэн дээр ээлжит бус Чуулганг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус Чуулганы хуралдааныг товлосон хугацаанаас хуанлийн 15 хоногийн өмнө зарлана.
4.1.4 Ассоциацийн гишүүд Чуулганд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно. Хэрэв тэдгээр нь хүндэтгэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно.
4.1.5 Чуулган гишүүдийн 50 хувь+1 ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцогдох ба асуудлыг ил санал хураах журмаар ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.1.6  Чуулганы шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр гармагц хүчин төгөлдөр болно.
4.1.7  Чуулган дор дурьдсан эрхтэй:
4.1.7.1. Ассоциацийн дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
4.1.7.2. Чуулганаар ассоциацийн эрх барих байгууллага болох Удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж, далд санал хураалтаар  тодруулж гурван жилийн хугацаагаар  сонгох, чөлөөлөх;
4.1.7.3. Хяналтын зөвлөлийн гишүүдийг далд санал хураалтаар тодруулж гурван жилийн хугацаагаар сонгох, чөлөөлөх;
4.1.7.4. Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн ажлын тайланг  хэлэлцэх;
4.1.7.5. Ассоциацийг өөрчлөн байгуулах, татан буулгах  асуудлыг нийт гишүүдийн дөрөвний гураваас доошгүйн саналаар шийдвэрлэх.
4.1.8. Чуулганы хооронд ассоциацийг Удирдах зөвлөл удирдана. Удирдах зөвлөл нь Ажлын албаны үйл ажиллагааг удирдлагын шийдвэрээр хангана.
 
4.2. Удирдах зөвлөл
4.2.1. Удирдах зөвлөл нь Ерөнхийлөгч 1, тэргүүн дэд Ерөнхийлөгч 1, дэд Ерөнхийлөгч 4, Удирдах зөвлөлийн гишүүн 25 гэсэн бүрэлдэхүүнтэй, нийт 31 орон тооны бус гишүүнтэй байна.
4.2.2. Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.  Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Ээлжит бус хурлыг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулна.
4.2.3. Удирдах  зөвлөлийн  гишүүдийн  хурлын  дэгийг  Удирдах  зөвлөлөөс  тогтоон мөрдүүлнэ. Хурлын дэг нь энэ дүрэмд нийцсэн, зохион байгуулалт, хурлын явцад үүсэх харилцааг нэг бүрчлэн зохицуулж өгсөн байна.
4.2.4. Удирдах зөвлөлийн хуралд тухайн үед саналын эрхтэй гишүүдийн ердийн олонх хүрэлцэн ирсэнээр хурал хүчинтэй болно.
4.2.5. Удирдах  зөвлөлийн  хуралд  Ерөнхийлөгч,  тэргүүн  дэд  Ерөнхийлөгч,  дэд Ерөнхийлөгч, гишүүд тус бүр нэг саналын эрхтэй оролцоно. Тэргүүн дэд Ерөнхийлөгч Удирдах зөвлөлийг даргална.
4.2.6. Хурлаар хэлэлцэж буй аливаа асуудлыг саналын эрхтэй гишүүдийн энгийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүн өөрийн биеэр хуралдаанд оролцох боломжгүй  бол энэ тухай  Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал эхлэхээс 2 хоногийн өмнө ажлын албанд  мэдэгдэн саналаа урьдчилан бичгээр өгнө.
4.2.7. Удирдах  зөвлөлийн  хурал  хэлэлцэж  шийдвэрлэсэн  асуудлаараа  “Тогтоол” гаргана.
4.2.8. Удирдах зөвлөлийн хурлыг тэргүүн дэд Ерөнхийлөгч даргалан хуралдуулах бөгөөд түүний эзгүйд дэд Ерөнхийлөгч удирдан явуулж, хуралд олонхийн дэмжлэг авсан санал шийдвэр болно. Шаардлагатай тохиолдолд УЗ-ийн гишүүдээс хурал даргалагчийг томилон хуралдуулна.
4.2.9. Гүйцэтгэх захирал хэлэлцэх асуудал, хуралдааны тов, байршлыг ажлын 10 хоногийн өмнө Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэнэ.
4.2.10.  Дараах  асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
4.2.11. “Гишүүдийн ангилал, татварын хэмжээ”, “Нэрэмжит шагнал”-ын журмыг баталж, Ажлын албанд мөрдөгдөх “Хөдөлмөрийн дотоод  журам”, “Албан хэрэг хөтлөлтийн журам” болон бусад дүрэм, журмын төслийг хэлэлцэн шийдвэрлэх;
4.2.11.1. Чуулганы хурлаас дэмжин зөвшөөрсөн Ассоциацийн  “Стратегийн бизнес төлөвлөгөө”-г батлах;
4.2.11.2. Ассоциацийн үйл  ажиллагааны  болон  санхүүгийн  төлөвлөгөөг  батлах, тайланг хэлэлцэж шийдвэр гаргах;
4.2.11.3. Гишүүнчлэлийн  ангилал,  гишүүн  компани  болон  Удирдах  зөвлөлийн гишүүний татварын хэмжээг тогтоох;
4.2.11.4. Гүйцэтгэх  захирлыг  томилох,  үүрэгт  ажлаас  чөлөөлөх,  өмч  хөрөнгийг захиран зарцуулах талаар Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
4.2.11.5. Ажлын албаны  бүтэц, орон тоо, санхүүгийн зардлын төсвийг батлах;
4.2.11.6. Чуулганы хооронд Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгох асуудлыг УЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар нийт гишүүдийн гурваны нэг хүртэл хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх;
4.2.11.7. Ассоциацийн үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд туслах Удирдах зөвлөлийн гишүүний эрхтэй Зөвлөх гишүүдийг томилох, Хороо, мэргэжлийн Клуб байгуулах,   Ажлын хэсгүүдийг байгуулж, тодорхой ажлын чиглэлээр ажиллуулах, татан буулгах;
4.2.11.8. Ассоциацийн  дүрэмд  нэмэлт,  өөрчлөлт  оруулах  санал  боловсруулж Чуулганаар хэлэлцүүлж, баталгаажуулах.
4.2.11.9. Ассоциацийн нэрийн өмнөөс төсөл,  хөтөлбөр хэрэгжүүлэх,  консерциум байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах;
4.2.11.10. Монголын барилгын салбарын Их Хурлыг салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хуралдуулах шийдвэр гаргах, зохион байгуулах.
4.2.12. Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудалд аль нэг гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй байж болно. Хуралыг даргалагч сонирхлын зөрчилтэй байвал өөр гишүүн хурлыг даргална.
4.2.13. Удирдах зөвлөл нь гишүүдтэй холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар явуулж, санал хураалтын дүнг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэн баталгаажуулна.
4.2.14. Удирдах  зөвлөлийн  хурлын  тэмдэглэлд  тухайн  хуралдаанаар  хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
4.2.15. УЗ-ийн гишүүнийг дараах тохиолдолд эргүүлэн татах үндэслэл үүссэн гэж үзнэ:
4.2.15.1. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар санал хураалтад оролцсон бөгөөд энэ нь холбооны нэр хүнд, гишүүн байгууллагын эрх ашигт хортойгоор нөлөөлсөн;
4.2.15.2. Ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон;
4.2.15.3. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон;
4.2.15.4. Улс төрийн албан тушаал хаших болсон;
4.2.15.5. Хяналтын зөвлөлийн санал дүгнэлтээр;
4.2.15.6. Жилийн хураамжаа цаг хугацаанд төлөөгүй нэг сараас дээш хугацаагаар хэтэрсэн бол /Удирдах зөвлөлийн гишүүд манлайлагч үүргээ ухамсарлан тайлант жилийн 1 дүгээр   улирлын дотор, чуулганаар сонгогдсон шинэ гишүүд сонгогдсоноос хойш 1 сарын дотор гишүүний татвараа бүрэн төлсөн байна/;
4.2.15.7. Удирдах   зөвлөлийн   үүрэгт   ажилдаа   хүндэтгэлгүй   хандаж   Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2 удаа хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан бол  /УЗ-ын тухайн гишүүн хуралдаанд биечлэн оролцох боломжгүй бол өөрийн оронд хариуцлагатай удирдах албан тушаалын хүн томилон оролцуулах, эсвэл бичгээр болон цахим хэлбэрээр саналаа өгч болно/.
4.2.16. Удирдах зөвлөл нь Ажлын албаны үйл ажиллагааг удирдлагын шийдвэрээр хангана.
4.2.17. Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүд өөрийн мэдлэг, ажлын туршлага, сонирхолын дагуу Хороодод хуваагдан ажиллах бөгөөд Хороог Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчид удирдана.
4.2.17.1. Хороо  нь  сард  нэгээс  доошгүй  удаа  хуралдаж,  хэлэлцсэн  асуудлаар шийдвэр, зөвлөмж  гаргана.
4.2.17.2. Хороо нь Удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх, ажлаа тайлагнана.
4.2.18. Гишүүн  компаниудын  ажилтнууд  Ассоциацийн  дэргэд  мэргэжлийн  Клубүүд байгуулан сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд МБҮА-ийн Гүйцэтгэх захирлын удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна. Клуб нь ажил мэргэжлийн тодорхой санал, зөвлөмж гарган Удирдах зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулан ажиллана.
 
4.3.    Ерөнхийлөгч
4.3.1. Ерөнхийлөгчийг 3 жилийн хугацаатайгаар Удирдах зөвлөл сонгох ба нэг удаа улираан  сонгож болно.
4.3.2. Ерөнхийлөгч нь дараах эрх, үүрэгтэй:
4.3.2.1. Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, Ассоциацийг гадаад, дотоодод төлөөлөх, тухайн асуудлаар төлөөлөх албан тушаалтныг томилох;
4.3.2.2. Гүйцэтгэх  захирлаар  ажиллуулах  хүнийг  Удирдах  зөвлөлд  танилцуулж хэлэлцүүлэх Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;
4.3.2.3. Удирдах зөвлөлийн  гишүүдийн үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрийг ассоциацийн   үйл ажиллагаанд оролцсон   цаг хугацаа, идэвхийг харгалзан олгох;
4.3.2.4. Ассоциацийн үйл ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
4.3.2.5. Төр  засгийн  байгууллага  болоод  бусад  төрийн  бус  байгууллагуудтай хамтран ажиллах;
4.3.2.6. Хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийх;
4.3.2.7. Тодорхой  асуудал,  сэдвээр гаргасан  шийдвэрийг  хэрэжүүлэх зорилгоор “Албан даалгавар” гаргана.
4.3.3.    Ерөнхийлөгч   албан   үүргээ   хэрэгжүүлэх   боломжгүй   үед   тэргүүн   дэд Ерөнхийлөгч орлон ажиллах, санхүү төсөв захиран зарцуулахаас бусад шийдвэрийг баталгаажуулах, Ассоциацийг төлөөлөн олон нийттэй харилцах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
 
4.4.    Хяналтын зөвлөл
4.4.1.    Хяналтын зөвлөлийг чуулганы хуралдаанаас таван гишүүний бүрэлдэхүүнтэй сонгогдоно.
4.4.2.    Хяналтын зөвлөлийн даргыг Хяналтын зөвлөлийн гишүүдээс нууцаар санал хурааж, олонхийн саналаар сонгоно.
4.4.3.    Хяналтын  зөвлөл  нь  Ассоциацийн  үйл  ажиллагаа  Монгол  Улсын  хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу явагдаж байгаа эсэх, Удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтэд жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийж дүгнэлт гаргана.
4.4.4.   Ассоциацийн жилийн санхүүгийн тайланг шинжилж, санхүүгийн тайлангаа Удирдах зөвлөлд мэдээлж, Гүйцэтгэх захирлаас   батлуулахаар оруулсан төсөв, төлөвлөгөөний талаар УЗ-д зөвлөмж хүргүүлнэ.
4.4.5.    Ассоциацийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааны бодлого, бодлогын даган мөрдөлт, хөрөнгийн болон мэдээллийн аюулгүй ажиллагааны хамгаалалтыг судалж үнэлэлт өгнө.
4.4.6.  Ассоциацийн хэрэгжүүлж байгаа төслүүд, байгуулсан гэрээнүүдийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай бол холбогдох арга хэмжээ авахыг Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захиралд санал болгоно.
4.4.7.    Удирдах зөвлөлийн дотоод хяналтын талаар гаргасан журам, дотоод хяналтын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж холбогдох арга хэмжээ авахыг санал болгоно.
4.4.8.    Хяналтын зөвлөл Ажлын албаны санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, касс, эд хөрөнгийн тооцоо бүртгэлийг жилд нэгээс доошгүй удаа шалгана. Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл гаргалт, татвар хураамж төлөлт нь хууль тогтоомжийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж, гишүүдийн татвар төлөлт, хандивын байдал болон шаардлагатай гэж үзвэл ассоциацийн гадаад харилцаатай холбогдол бүхий баримт бичгийг шалгана.
4.4.9.    Ассоциацийн гишүүд Хяналтын зөвлөлд тодорхой асуудлаар гомдол гаргаж болох бөгөөд уг асуудлыг яаралтай шалгаж, үр дүнг УЗ-д танилцуулах; үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг судлан үзэж, тайлбар хийх, Хяналтын зөвлөлийн гишүүд шалгасан баримт бичиг, тайлан балансын нууцыг хадгалана.
4.4.10.  Гүйцэтгэх захирлаас шалгалтын ажилтай холбогдсон материалыг шаардаж гаргуулах, санхүүгийн аливаа шийдвэртэй холбоотой шаардлагатай баримт бичиг, нотолгоог шаардана.
4.4.11. Хяналтын зөвлөл 3 жилийн хугацаанд хийсэн тайлангаа нэгтгэж Удирдах зөвлөлд танилцуулж Ассоциацийн чуулганд тайлагнана.
4.4.12.  Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төсөвтэй  байж болно. Төсвийг Ажлын албаны төсөвт суулган батлуулна.
4.4.13. Хяналтын зөвлөл эрхлэх үйл ажиллагаандаа удирдлага болгох дотоод журамтай байна. Дотоод журмыг Удирдах зөвлөлийн хурлаар батална.
4.4.14. Хяналтыг хэрэгжүүлэх явцдаа Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны талаар зөвлөмж бичих, шаардлагатай бол хууль, дүрэмд заасан шаардлага тавих эрхтэй.
4.4.15.  Хяналтын зөвлөл гишүүдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу Ассоциацийн бүх түвшний удирдлагын ёс зүйн талаар Удирдах Зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулах эрхтэй.
 
4.5.    Гүйцэтгэх захирал
4.5.1.    Гүйцэтгэх захирал нь орон тооны ажилтан байна.
4.5.2.    Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийн талаарх мэдээллийг Удирдах зөвлөлийн гишүүдэд хурал хуралдахаас 5 хоногийн өмнө танилцуулгаар хүргүүлсэн байна.
4.5.3.    Удирдах зөвлөлөөр  томилогдсон  Гүйцэтгэх захирал нь Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж доорхи эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.5.3.1.  Удирдах зөвлөлийн хурлаар  хэлэлцэх асуудлыг  батлуулах, бэлдэх;
4.5.3.2.  Ажлын албаны орон тоо, бүтцийг батлуулах;
4.5.3.3.  Үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг  хэлэлцүүлж батлуулах;
4.5.3.4.  Эрх  хэмжээнийхээ  хүрээнд  ажилтныг  томилох,  чөлөөлөх,  хэм  хэмжээ тогтоосон тушаал гаргах, журам, заавар гаргаж мөрдүүлэх;
4.5.3.5.  Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд ассоциацийг төлөөлөх, төсөв, төлөвлөгөөний хүрээнд өмч хөрөнгө захиран зарцуулах;
4.5.3.6. Монгол Улсын хууль тогтоомж болоод Гүйцэтгэх захирлын гэрээнд тусгагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх. /Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээнд түүний эдлэх эрх, хүлээх үүрэг,  хариуцлагын хэмжээ,  хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг харилцан тохиролцож тусгана. Үүнд УЗ болон ХЗ-д хүргүүлэх санхүүгийн тайлан, балансад аудит хийлгэх тов, давтамж зэргийг заавал багтаасан байна/;
4.5.3.7.  Гүйцэтгэх  захирал  нь  бүрэн  эрхийн  хугацаа  дууссан  нөхцөлд  шинээр Гүйцэтгэх захирал томилогдтол албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх;
4.5.3.8.  Гүйцэтгэх захирал УЗ-ийн баталсан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн эрхийн дагуу удирдан явуулах;
4.5.3.9.  Гүйцэтгэх захирал Ажлын албаны жилийн үйл ажиллагааны тайланг УЗ-д тайлагнан, баталгаажсан тайлангаа дараа оны 2-р сарын 15-ны дотор төрийн эрх бүхий байгууллагад холбогдох баримт бичгийн хамт хүргүүлэх;
4.5.3.10. Санхүүгийн тайлан балансад жилд тутам аудит хийлгэх;
4.5.3.11. Өөрийн эрх хэмжээний хүрээнд Ажлын албаны үйл ажиллагааг хангах зорилгоор “Тушаал” гаргах.
 
ТАВ. САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАЛТ
 
5.1.   Ассоциацийн үндсэн хөрөнгийг зөвхөн ассоциаци өөрөө эзэмших бөгөөд зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Гүйцэтгэх захирал захиран зарцуулна.
5.2.    Ассоциацийн  орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
5.2.1. Гишүүний татвар, хандив;
5.2.2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
5.2.3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн  үйл ажиллагаанаас олсон орлого;
5.2.4. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор улсын төсөв бусад байгууллагаас орох хөрөнгө;
5.2.5. Бусад эх үүсвэр.
5.3.    Ассоциаци нь өөрийн бүх орлогыг  дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
5.4.    Ассоциацийн орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
5.5.    Удирдах зөвлөлийн гишүүн,  Ажлын албаны ажилтнууд Ассоциацын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн болон хувийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.6.    Ассоциацийн   дүрмийн үйл ажиллагаанаас бусад зорилгоор эд хөрөнгө, мөнгийг бусдад хандивлахыг хориглоно.
5.7.    Ассоциаци нь төгрөгийн болон валютын данстай байх ба санхүүтэй холбогдох 1-р гарын үсгийг гүйцэтгэх захирал зурна.
5.8.    Гишүүн байгууллагуудын жилийн татвар болон гишүүдийн татварын хэмжээг тухай бүр нь Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтоож байх ба хандивын мөнгөнд хязгаар тогтоохгүй.
5.9.    Ассоциацийн орлогыг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд уг орлогоос ногдол ашиг хуваарилах, хувь хүн, аж ахуйн нэгж, аливаа байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс ямар нэгэн төлбөр хийх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өргөхийг хориглоно.
 
ЗУРГАА. АССОЦИАЦИЙН  ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ
 
6.1.    Ассоциацийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг удирдах зөвлөлийн 3/2-оос доошгүй гишүүдийн саналаар Удирдах зөвлөл авч хэлэлцэнэ.
6.2.  Ассоциацийг татан буулгах шийдвэрийг Чуулганаас гаргана. Чуулганд оролцож буй бүх  гишүүдийн  олонхи  зөвшөөрснөөр  дараах үндэслэлээр  татан  буулгаж болно.Үүнд:
6.2.1.   Дүрмийн зорилгоо хэрэгжүүлж дууссан;
6.2.2.   Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр;
6.2.3.   Дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой болон удаа дараа зөрчсөний улмаас татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.
6.3.   Ассоциацийг татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд Хяналтын зөвлөлийн даргаар удирдуулан түүний санал болгосноор 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилно.
6.4.    Ассоциаци татан буугдсан тохиолдолд зохих төлбөр тооцоог барагдуулсны дараа түүний эзэмшлийн эд хөрөнгийг ижил төстөй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх эсвэл зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
6.5.    Ажлын хэсэг нь  өмч хөрөнгийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ба энэ тухай шийдвэрээ  нийт гишүүдэд мэдээлж, Улсын бүртгэлийн албанд бичгээр мэдэгдэнэ.
6.6.  Шаардлагатай тохиолдолд Ажлын хэсгийн дарга татан буулгах ажилд хөндлөнгийн холбогдох байгууллагыг оролцуулж болно.
6.7.  Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Удирдах Зөвлөл хэлэлцэж, Чуулганаар шийдвэрлүүлнэ.
6.8.    Шинэчлэн баталсан дүрэм түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүрт нь улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Гүйцэтгэх захирал хариуцан гүйцэтгэнэ.
 
   ДОЛОО.БУСАД ЗҮЙЛ
 
7.1.     Энэхүү дүрмийг батлагдсан өдрөөс эхлэн  Ассоциацийн гишүүд, ажилтнууд нэгэн адил дагаж мөрдөнө.
7.2.     Дүрмийн биелэлтэд Хяналтын зөвлөл хяналт тавина.
7.3.   Ассоциацийн   дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирал нийт гишүүдэд мэдээлнэ.
7.4.   Ассоциацийн удирдлага аливаа шийдвэр гаргахдаа нээлттэй, ил тод байж, мэргэжлийн ёс зүйн зарчмыг баримтална.
7.5.     Удирдах зөвлөл хуралдан олонхийн саналаар, хамтын шийдвэр гаргана.
7.6.   Хяналтын зөвлөлийн гишүүн тус бүрийн шийдвэр нь ижил тэгш хүчин төгөлдөр байна.
 
---о0о---

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-03-05 өдөр 01:18:1 цаг