ОХУ-ЫН БАРИЛГА, ОРОН СУУЦ-НИЙТИЙН АЖ АХУЙН ЯАМ, МОНГОЛ УЛСЫН БХБЯ ХООРОНДЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫН МЭДЭЭ
ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам, Монгол Улсын БХБЯ хоорондын байгуулсан Санамж бичгийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгүүдийн Монголын талын Ажлын хэсгийн хурал 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр БХБЯ-ны Хурлын танхимд зохион байгуулагдаж уг уулзалтад БХБ-ын Дэд сайд Ш.Лхамсүрэн, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга Б.Гүнболд, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Соёмбоо, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, ШУТИС-ын Профессор бөгөөд Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн Захирал Б.Мөнхбаяр, МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан нар оролцов.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2014 оны 9 дүгээр сард ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яамны сайд, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны сайд нарын хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан билээ.
 
Тус санамж бичгийн хүрээнд ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам, Монгол Улсын БХБЯ хоорондын хоёр талын Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан ба тус Ажлын хэсэгт МБҮА-ийн төлөөлөл орсон юм.
Дээрх хоёр талын Ажлын хэсгийн Анхдугаар хурал нь 2015 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яамны Дэд сайд А.В.Чибис, Монгол Улсын БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар тус тус хоёр талын Ажлын хэсгийг ахалсан байна. Тус хурлаас 5-н үндсэн хүрээний 22 ажил дээр хамтарч ажиллах саналыг гаргасан байдаг.
 
Энэ удаагийн Монголын талын Ажлын хэсгийн хурлаар ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам, Монгол Улсын БХБЯ хоорондын хоёр талын Ажлын хэсгийн хоёр дахь хурлыг зохион байгуулах, тус зохион байгуулалттай холбоотой баримтлах бодлого, арга хэмжээний талаар санал солилцох зорилготой байгаа болно. 
ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яамнаас 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хоёр талын Ажлын хэсгийн хурлыг энэ оны 9 дүгээр сарын 11-22-ны хооронд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулах саналыг тавьсаны дагуу манай талаас тус хурлыг 2017 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын комиссын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны технологийн Орос-Монголын комиссын бүрэлдэхүүнд оруулах сонирхолтой байгаагаа тус тус тавиад байгаа болно.
 
Улмаар тус хоёр дахь удаагийн Ажлын хэсгийн хурлаар Монголын талаас тавих санал, арга хэмжээний талаар дараах саналуудыг солилцов. Үүнд:
- Барилгын лабораторын шинжилгээний хамтын ажиллагаа
- Барилгын материал хийц, ялангуяа барилгын арматур төмөр, гангийн үйлдвэрлэлийн талаарх хамтарсан судалгааг хийх
- БХБЯ дээр Судалгаа шинжилгээний институт байгуулж тус институтээр дараах үйл ажиллагааг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх. Үүнд:
- Монгол улсын хүн амын нутагшилтын ерөнхий төслийг боловсруулах 
- Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийг шинэчлэх, шинээр боловсруулах
- Геодезийн зураглалыг хамтран шинэчлэх, харилцан туршлага солилцох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх саналыг тавихаар төлөвлөж байна.
Түүнчлэн хоёр талын барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжиж ажиллах талаар тус тус санал солилцох болно. Өмнөх хоёр талын Ажлын хэсгийн хурлаас гарсан 5 үндсэн чиглэлээс барилгын материал үйлдвэрлэл, цементийн дотоодын хэрэгцээг хангах үйл ажиллагаа харьцангуй амжилттай хэрэгжиж тус үйл ажиллагаанд хувийн хэвшлүүд оролцож байгаа бол газар зохион байгуулалтын 1:1 харьцах 25 мянган масштабтай зураглалыг ОХУ-аар гүйцэтгүүлэх саналыг аман хэлбэрээр ярьж тохиролцсон боловч албажиж гэрээ хэлэлцээр хараахан байгуулагдаагүй байна. Иймд тус ажлыг албажуулах талаар ярилцах саналыг тус тус гаргалаа.  
Дараагийн Ажлын хэсгийн хурлын товыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуралдуулахаар тогтосноор энэ удаагийн Ажлын хэсгийн хурал өндөрлөв.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 13:24:2 цаг