НОГООН САНХҮҮЖИЛТИЙН АНХДУГААР ЧУУЛГАН
Хас Банк, НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сан, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Байгаль орчин, уур амьсгалын сан хамтран “Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд зохион байгуулав.
 
“Боломжийг бодит болгоё!” сэдвийн дор явагдсан тус чуулганд эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 350 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцсоноос МБҮА-ийн УЗГ, Номин констракшн девелопмент групп, Ультрасоник ХХК, Барилга Эм Эн, Грийн ресурс констракшн ХХК, БҮТИ ХХК, И Си Си ХХК нар оролцож ногоон бизнесийн хөгжил, санхүүжилтийн боломжуудын талаарх гарц шийдлүүдтэй танилцлаа.
 
Тухайлбал, уур амьсгалын ногоон сангийн санхүүжилт, Хас Банкны хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээл, эрчим хүчний хэмнэлт ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын олон улсын чиг хандлага, бизнесийн ногоон гарц зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдсанаас гадна бизнесээ ногооруулах боломж, тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцсэн бөгөөд хүлэмжийн хийг бууруулах зээл авсан байгууллагуудын бодит туршлагаас хуваалцав.
Хас Банк 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөрийнхөө хүрээнд 742,607 тонн хүлэмжийн хийг бууруулсан бөгөөд цаашид 1.2 сая тонн хүлэмжийн хийг нэмж бууруулахаар зорьж байна. Тус зээлд эрчим хүчний 20-иос 40 хувийн хэмнэлттэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч, суурьлуулагч болон эцсийн хэрэглэгч нар хамрагдах боломжтой юм.
Түүнчлэн, чуулганы үеэр Хас Банк, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бизнесийг дэмжих хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурав. Тус хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “Улаанбаатар хотын ногоон зээлийн сан”-г байгуулж, гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түлэхээс бусад хэлбэрээр халаалтаа шийдэхэд нь бага хүүтэй санхүүжилтийг олгох замаар агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах гэж байна.
 
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 13:39:0 цаг