“ИНВЕСТ МОНГОЛИА 2017” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Инвест Монголиа 2017” хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт 11 дэх удаагаа 2017 оны 09 дүгээр сарын 4-5-ны хооронд 2 бүтэн өдрийн турш Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү чуулга-уулзалт нь төрийн байгууллагын болон онцлох салбаруудын гол төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд, олон улсын хөрөнгө оруулагчид зэрэг 1,000 орчим төлөөлөгчид нэгэн дор цугларч нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн төлөв байдлын талаар ярилцдаг, Монгол Улсад зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагаануудын нэг юм.
 
Уг чуулга-уулзалтын үеэр хөрөнгө оруулагчидтай тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харъяа салбарын нөхцөл байдал, цаашдын төлвийг хэлэлцэх болон Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө ямар ажлуудыг хийж байгаа талаар танилцуулахаар төлөвлөжээ. 
 
Түүнчлэн, энэ жилийн хувьд манай улс шинэ Ерөнхийлөгчтэй болсноос гадна Олон Улсын Валютын Сангийн (ОУВС)-ийн хөтөлбөрт хамрагдсан явдал нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд тус чуулганд нүүрсний экспорт, банк санхүүгийн салбар (Хөрөнгийн Чанарын Үнэлгээ) зэрэг бусад олон салбарын талаар онцгойлон авч хэлэлцэхээр хөтөлбөрт тусгасан байв.
 
Тус чуулга-уулзалтын нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Тэрбээр, манай улс эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн өндөр төвшинд хүрэхийг зорьж байгаа өнөө үед гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал байгааг онцлохын зэрэгцээ сүүлийн 5-6 жилийн дотор 1% болтлоо унасан эдийн засаг сэргэж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.3%-ийн өсөлттэй үзүүлэлтийг гаргаад байгаа нь гадаад худалдаа, төсөв бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлтүүд гарсныг дурьдав. 
 
Цааш нь тэрбээр хэлэхдээ, хэдийгээр гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшилж байгаа хэдий ч төсвийн орлогын хэмжээ нэмэгдсэн ч иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөхгүй байгаа нь уул уурхайгаас олсон ашгаа хөгжлийн гол салбарууд болон ард түмэндээ оноож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой гэв. Үүнийг засахад хөрөнгө оруулагчдын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал бөгөөд хөрөнгө оруулагчдын чуулганыг сүүлийн 10 гаруй жил тогтмол зохион байгуулж ирсэн ч бодитой үр дүн бага байгаа нь цаашид ярьж хуралдахаасаа илүү хамтарч хийдэг, бүтээдэг болохыг тэрбээр уриалж “Монгол Улсын Засгийн газар нь хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно” гэв.
 
Чуулга уулзалтын эхний өдөр доорх сэдвийн хүрээнд явагдаж холбогдох салбарын төлөөлөгчид цаашид хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэв. Үүнд:
 
- Монгол Улсын ерөнхий төлөвийн хүрээнд:
Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн танилцуулга болон түүний талаарх хэлэлцүүлэг  
- Уул уурхайн салбарын хүрээнд: 
Үл Хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт болон Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах ярилцлага, мөн Монголын ашигт малтмал, уул уурхайн байгалийн баялгийн үнэ цэнэ, мэдлэг, чадварыг урт хугацаанд хадгалах, тус салбар дахь үнэ цэнийг бүтээх бодлогийн тухай
- Хууль эрх зүйн орчны хүрээнд: 
Монгол Улсын хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн тойм болон хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, түүний өөрчлөлт, шинэчлэлийн тухай
- Эдийн засгийн хүрээнд: 
Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 болж буурсан шалтгаан, Монгол Улсын төлөвшилтэд шаардагдах цаг хугацаа, Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдлын урьдчилсан таамаглал тухай хэлэлцүүлэг зэрэг байв. 
 
Дээр дурьдсан сэдвийн хүрээнд ирэх 3 жилд Монгол Улсад хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх чиглэлийн бодлого, хөтөлбөрүүд, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон үүнийг цаашид нэмэгдүүлэхийн тулд анхаарах асуудлууд, стратегийн чухал ач холбогдолтой салбаруудад хэрхэн санхүүжилт татах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.
 
- Банк, санхүү ба үл хөдлөх хөрөнгийн хүрээнд: 
Монгол банкны систем болон Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх, Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт, Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.
 
Чуулга-уулзалтын өдрийн хаалтын ажиллагааг Фронтиер ҮЦК-ийн Ерөнхий захирал ноён Маса Игата хааж өндөрлүүлэв.
Чуулга-уулзалтын хоёр дахь өдөр Монгол Улсад суугаа Элчин сайдуудын хэлэлцүүлгээр үргэлжилж, элчин сайдууд болон төлөөлөгчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн дараах олон чухал санал, санаануудыг хөндөн дэвшүүлж хэлэлцэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Такаока Масато: Япон Улс Монгол Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд маш олон төсөл, хөтөлбөр яригдаж ирснийг бид мэдэж байгаа. Гэхдээ, миний анзаарснаар бол Монгол Улс бодлогын түвшиндээ тууштай байх хэрэгтэйгээс гадна хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгох хэрэгтэй. Ингэвэл гадаадад суугаа хөрөнгө оруулагчид мэдээлэлтэй болж, хөрөнгө оруулах сонирхол нь улам нэмэгдэнэ гэсэн саналыг хэлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Катрин Арнолд: Хөрөнгө оруулагчид маш тодорхой, бодит нөхцөл хүсч байгааг ойлгох хэрэгтэй. Тэд Монгол Улсын төр тодорхой, тууштай, харилцаа холбоотой байхыг хүлээж байдаг. Монгол Улс, Их Британи болон Европын холбоо (ОУВС)-гийн хөтөлбөрийн хүрээнд олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Бидний хувьд тулгамддаг гол асуудал гэвэл стандарт. Хэрвээ Монгол Улс үнэхээр Европын зах зээлд гарах сонирхолтой байгаа бол стандартад нийцүүлэх бодлогыг барьж, түүнийгээ хэвшүүлэх нь чухал. Энэ тал дээр бид техникийн тусламж, зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Хэрвээ Олон улсын чанар, стандартыг хэвшүүлж чадахгүй бол XXI зууны гол ач холбогдолтой төсөл болох “Торгоны зам” нь үр өгөөжөө өгч чадахгүй гэсэн үг юм. Бид дэмжлэг үзүүлж болно, гэхдээ монголчууд та бүхэн өөрсдөө шийдвэр гаргана гэсэн саналыг хэлэв.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женнифэр Зимдалд Галт: Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан явдлыг би хувьдаа дэмжиж байгаа. Шинэчлэл хийх явдал нь үнэндээ их хэцүү байдаг. Хэрэв надад ярих цаг илүү өгсөн бол АНУ шинэчлэлийг хийхэд ямар их золиос гаргаж байсныг ярих байлаа. Бидний хувьд Монгол Улстай Ил тод байдлын тухай гэрээ байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх асуудал маш чухал, тулгамдсан асуудал болоод байгаа. Монголын төр тогтвортой, бодлого нь тууштай, хийж буй ажил нь ил тод байсан цагт л хөрөнгө оруулалт тасрахгүй, тогтмол эерэг хандлага харуулах бүрэн боломжтой гэсэн саналыг хэлэв.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён У Сун: БНСУ одоогоос 20 жилийн өмнө ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Улмаар Өмнөд Солонгосын банк, санхүүгийн салбарт маш том шинэчлэлүүд хийгдэж байсан. Энэхүү туршлагаас үүдээд хамгийн гол асуудал бол эдийн засаг, статистикийнхаа үзүүлэлтээ ил тод байлгах нь чухал гэдгийг зөвлөв. ОУВС-ийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байгаа нь чухал боломж бөгөөд гол нь үүнийг зөв хэрэгжүүлж, итгэл даах хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

Монголын Хөгжлийн стратегийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал ноён Д.Зоригт: Өнгөрсөн 1 жилийн хугацаанд манай Засаглалын чанар сайжирсан гэж хэлж болох ч Засгийн газарт итгэх итгэл, бодлогын тогтвортой байдал үгүйлэгдсэн хэвээр байна. Бидэнд иргэд рүү чиглэсэн төрийн үйлчилгээг шинэчлэх шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилдээ “Төрийн албаны тухай хууль”-ийг арай боловсронгуй болгоно гэдэгт найдаж байгаа бөгөөд төрийн алба нь мэргэжлийн бүтэцтэй алба байх ёстой гэв. Английн Элчин сайд хатагтай Катерин Арнольдын ярьсан шиг Монгол Улс нөөц, бололцоогоо олон жил ярих бус, харин ил тод байдлыг хангаж тодорхой, тууштай байх нь чухал байна гэснийг дахин онцлов. Мөн бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч ноён Б.Лхагважав: Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч болон дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтыг чиглэсэн бодлого ямар байхыг мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид маш их зүйлийг хийсэн. Үүний нэг тод жишээ бол татварын системийг шинэчилж, ил тод болгож чадсан явдал. Монгол Улсын татварын орлого 500 сая төгрөгөөр давж биелсэн. Татварын бааз суурь 22 дахин нэмэгдлээ. Эдийн засаг 0 хувиас 5 хувь болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Цаашид татварын орлого нэмэгдэж, энэхүү эдийн засагт 7-8 хувийн өсөлтийг харуулах боломж бүрэн харагдаж байна. Гэхдээ энэ бол шинэ Засгийн газрын гавъяа биш. Энэ бол 2014-2015 онд хэрэгжүүлсэн шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн юм. Үүнийг Сангийн яам болон ОУВС анзаараагүй, одоо бид ОУВС-тай хамтарсан бодлогынхоо зорилго, зорилтыг олон нийтэд ил тод болгох ёстой гэсэн саналыг хэлэв.

Дойче Ассет Менежмент ХХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн ноён Кристиан Штренгер: Монгол Улсын нийгмийн үзэл байдал буруу тогтсон ойлголтуудыг өөрчлөх шаардлагатай байна. Сайн засаглалын үндэс бол нийгмийн ил тод байдал, нийтээрээ ашиг сонирхлын зөрчилгүй байх, хувьцаа эзэмшигчдэдээ үр дүнг зөв ойлгуулж тэдэнд итгэх явдал юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх түвшинд өөрчлөлт хийх явдал нь их чухал. Бид Монгол Улсад туслахад бэлэн байгаа. Гэхдээ аливаа ажлыг хийх, хэрэгжүүлэх хүмүүс нь та нар өөрсдөө байна. ОУВС нь мөнгө өгөх дуртайдаа мөнгө өгөөгүй гэдгийг та нар санах хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг ашиглан засаглалаа сайжруулах, мөн улс төрчдийн энэхүү ажилд хандах хандлага яагаад өөрчлөгдөхгүй байгаа, хөрөнгө оруулагчид тэднийг өөрчлөгдөхийг шаардах ёстой, тэд өөрөөр сэтгэх цаг нь ирсэн шүү гэсэн саналыг хэлэв.

Хоган Ловеллс ХХК-ийн Ерөнхий захирал ноён Крис Мелвил: Миний хувьд Монгол Улсад хууль, эрх зүйн орчныг боломжийн гэж харж байгаа бөгөөд хамгийн гол юм нь хэрэгжилт маш хангалтгүй байна. Монголчууд нэг амжилтаа байнга ярих дуртай ард түмэн шиг санагдаж байна. Шинэ амжилт ололтыг эрэлхийлж татах хэрэгтэй. Тухайлбал, ДЦС-5, мөн Оюу толгой төсөл зэрэг та нарын түүхэнд шинэ амжилтыг олж болохоор “мега” төслүүд байна. Үүнийгээ зөв хөдөлгөх нь чухал. Мөн шинэ хөрөнгө оруулагчдын эрэлд гарах цаг нь болсон байна. Учир нь шинэ хөрөнгө оруулагчдыг хуучин хөрөнгө оруулагчидтай нь харьцуулаад үзэхээр маш их хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хөрөнгө оруулах тохиолдлууд бий болж байна. Гэхдээ хуучин төслөө март гэсэн үг биш юм. Шинэ хөрөнгө оруулагчид үргэлж хуучин хөрөнгө оруулагчдын түүхийг судалж байдаг. Иймээс тэдэнтэй харилцаагаа бэхжүүлж хадгалах нь чухал гэсэн саналыг хэлэв.

Мүүдийз Инвестор Сервис ХХК-ийн Захирал ноён Грэйм Нуод: Их Британийн Элчин сайд хатагтай Катерин Арнольдын хэлсэн тууштай, тогтвортой, тодорхой байх нь чухал гэсэн саналыг миний хувьд дэмжиж байна. ОУВС-аас  мөнгө зээлжих зэрэглэлд сайн үнэлгээ авахын тулд Монгол Улс өөрсдөдөө үнэлгээ тогтоодог маш том хүчин зүйлсийн дагуу арга хэмжээг авч эхлэх нь чухал, мөн институцийн түвшинг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

Эдийн Засгийн судалгааны хүрээлэнгийн Захирал ноён Б.Түвшинтөгс: Манай статистик мэдээллээр “тоо”-нд өөрчлөлт гарч байна. Гэхдээ макро-эдийн засгийн түвшинг бүхэлд нь авч үзвэл 25 жилийн хугацаанд бид чамгүй олон алдааг гаргасан бөгөөд энэ алдааг залруулж чадвал бидний амжилтын гарц, түүх болон үлдэнээ. Бидний бодлого хязгаарлагдмал байна. Бид эдийн засгаа өргөжүүлэх, тэлэх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Манай улсын эдийн засаг ирэх жилүүдэд зэс, алт, нүүрсний үнэ дэлхий зах зээл дээр ямар байхаас шалтгаална. Эдийн засагт 5 хувийн өсөлт ажиглагдсан. Энэ нь Засгийн газрын гавъяа бус харин нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаатай холбоотой гэв.
                                                   
Тус бүтэн хоёр өдөр чуулсан чуулга-уулзалтад 1,100 орчим гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон төлөөлөгчид оролцож дээр дурьдсан сэдвүүдийн хүрээнд санаа санаачлагаа дэвшүүлэн ярилцсан бөгөөд үйл ажиллагааны хаалтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат-ын бие төлөөлөгч, Фронтиер ҮЦК-ийн Ерөнхий захирал ноён Маса Игата нар хааснаар чуулга-уулзалт өндөрлөлөө. 
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 14:06:4 цаг