МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМЫН ТУХАЙ МЭДЭЭ
“Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр” хэрэгжсэн цагаас  хойш буюу 2013 оноос эхлэн Монголын Банкны Холбоо жил бүр “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн арга хэмжээ “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвээр 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудалд болж өнгөрлөө.
 
Уг форумд бодлого боловсруулагчид, төрийн байгууллагууд, банкууд, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш судлаачид, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд зэрэг 170 гаруй байгууллагын 400 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тухайлбал, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм болон Ногоон уур амьсгалын сан (GCF), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Биофин төсөл зэрэг олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож, өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцав.
Форумаар ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын алсын хараа, банкны байгаль орчин, нийгмийн удирдлагыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэнээс гадна ТоС-ийг санхүүгийн салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалтуудтай уялдуулах, банкны бус санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, барилга, ноос ноолуур зэрэг бизнесийн салбарууд дахь байгаль орчин, нийгмийн эрсдлийн удирдлагыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг (roadmap) боловсруулахад оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Сангийн яам, Монголын Банкны Холбоо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагууд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих, Монгол Улсын санхүүгийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг нэмэгдүүлж санхүүгийн зах зээлд хүүгийн түвшинг бууруулах, ногоон санхүүжилтийн арга, хэрэгслүүдийг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон зээлийн сан”-г үүсгэн байгуулж байгаа ба тус сан эхний ээлжинд дараах чиглэлүүдэд санхүүжилт хийнэ. Үүнд:
гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдлийн зээл, 
эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зээл, 
хямд төсөр ногоон барилгын зээл зэрэг төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг ярилцсан юм.
Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг тавьсан зорилгын дагуу үр дүнтэй ажиллуулах санал, санаачилга гаргах, ТоС-ийн хүрээнд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, банкны мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ТоС-ийн Форум арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх “ТоС Манлайлагч байгууллага”-ыг Монголын Банкны Холбооны Удирдах зөвлөлөөс жил бүр сонгодог бөгөөд 2017 оны ТоС-ийн Манлайлагч байгууллагаар Ариг банк шалгарч ажилласан бол 2018 оны ТоС-ийн Манлайлагч байгууллагаар Худалдаа хөгжлийн банк шалгарч арга хэмжээний үеэр “ТоС-ийн Манлайлагч Байгуулага”-ын дамжин явах тугийг тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон албан ёсоор гардан авлаа.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 18:20:1 цаг