“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2017” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН МЭДЭЭ
Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын дэмжлэгтэйгээр “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд доорх хүмүүс хүрэлцэн ирж, хамтран ажиллах талаар санал солилцов. Үүнд:
С.В.Калашников ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Оросын олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн Ерөнхийлөгч
В.И.Матвиенко ОХУ-ын Холбооны хурлын зөвлөлийн дарга, хатагтай
В.В.Володин Төрийн Думын дарга
И.К.Азизов ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
С.М.Жиряков ОХУ-ын Холбооны зөвлөлийн Байгалийн баялгийн ашиглалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байнгын хорооны орлогч дарга
Р.Н.Зинуров Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны байнгын хорооны гишүүн 
А.В.Чибис ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн орлогч сайд
Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны Сайдын үүрэг гүйцэтгэгч
Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн Дэд дарга нар байв.
 
Тус чуулга уулзалтын зорилго нь ОХУ-ын Новосибирск хотноо 2016 онд зохион байгуулагдсан “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” анхдугаар чуулга уулзалтаас гарсан шийдвэрүүдийг ажил хэрэг болгох, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн байв.
 
Чуулга уулзалтын нээлтийн үеэр Гадаад харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ: “Монгол- Оросын хамтын ажиллагаа-2016” уулзалтаар стратегийн түншлэлийг бий болгож, ойрын хугацааны чиг хандлагыг тодорхойлсон бөгөөд хоёр талын улс төрийн өндөр түвшний хамтын ажиллагаанууд илүү их боломж, таатай нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнчлэн манай 2 улсын төрийн тэргүүнүүд Владивосток хотноо албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэх талаар санал солилцсон бол өнөөдөр бид “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтыг тавьж байна” гэв. 
Үйл ажиллагааны үеээр өнгөрсөн 6 дугаар сард Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн форумд МУ-ын Ерөнхий сайд оролцож, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, бүс нутгийн хүрээнд хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн талаар яригдсан бөгөөд шинээр томилогдсон МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 ондоо багтан тус улсад дахин айлчлал хийхээр төлөвлөж байгааг мөн дурдлаа. Уг айлчлалаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд хүргэх хүрээнд хэд хэдэн Санамж бичгийг байгуулахаар зорьж байгаа аж. 
 
Тус баримт бичгүүдэд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай, Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай зэрэг Засгийн газруудын хоорондын хэд хэдэн хэлэлцээрүүдийг тусгажээ.
Энэ оны эхний хагаст хоёр орны худалдаа өмнөх жилүүдтэй харьцуулахад 40 орчим хувиар өссөн боловч хоёр талын худалдаанд тэнцвэргүй байдал үргэлжилсээр байгаа бөгөөд  ОХУ-ын Засгийн газраас Худалдааны төлөөлөгчийн газрыг дахин нээж ажиллуулж байгаа нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.
 
“Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, худалдаа, эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар семинар, уулзалтууд, мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл болон спортын хамтын ажиллагаа, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, салбар хуралдаанууд тус тус зохион байгуулагдсан болно.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-07-06 өдөр 11:29:3 цаг