ТЭСО ПРОПЕРТИС КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ЛХАГВАДОРЖ "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БЕТОН, АРМАТУР ГЭЖ БАЙХГҮЙ Ч ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ БИЙ"
МБҮА-ийн Ажлын алба гишүүд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор “БАЙГУУЛЛАГЫН ДОЛОО ХОНОГ” аяныг 2019 оны 10 дугаар сараас эхлэн долоо хоног бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэргүүн байгууллагаар “ТЭСО ПРОПЕРТИС” ХХК-ийн хамт олон оролцож байгаа бөгөөд аяны хүрээнд "АЖЛЫН НЭГ ӨДӨР" булангийн анхны зочноор тус компанийн Гүйцэтгэх захирал П.Лхагвадорж уригдан орж байна.    
 
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРТ АНХНЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ОЛОН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХИЙСЭН “SKY GARDEN RESIDENCE” ТӨСЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛНА УУ?
 
Бид “SKY GARDEN” төслийн концепц, төлөвлөлт ямар байх талаар хоёр жилийн туршид судалгаа хийсэн. Жишээлбэл, Сингапурын “CTG” компанитай хамтарч Монголын зах зээлд байгаа орон сууц яагаад борлогдохгүй байгаа талаар судалгаа хийсэн юм. Энэ үеэр ихэнх орон сууц шинэ мянганы иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс энэ дүгнэлтэд тулгуурлан төслөө боловсруулсан. Мөн хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрэн бүрдүүлж чадсан нь бидний гол онцлог. Мэдээж хүүхдэд ээлтэй бетон, арматур гэж байхгүй ч тэдэнд ээлтэй төлөвлөлт гэж бий. Бид ногоон байгууламжийн үр ашгийг зуны дулаан цагт л хүртдэг. Тиймээс хамгийн эрүүл дотор агаарыг бий болгох үүднээс жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой “winter garden” буюу өвлийн цэцэрлэгийн шийдлийг гаргасан. Энд халуун орны дал модыг хүртэл тарьж байгаа. Мөн Монголд анх удаа босоо цэцэрлэгийг бий болгож, айл болгонд 12м2 ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Түүнчлэн рашааны “mouttlmnay” сувгийг бий болгож байна. Та гэрээсээ Архангайн Цэнхэрийн рашааныг ууна гэсэн үг юм. Европт том цонхийг D витамины шүршүүр гэж ярьдаг. Тийм ч учраас архитектур талаасаа том цэлгэр цонхтой байх юм.

ЭНЭХҮҮ ШИНЭ ТӨСӨЛ НЬ ХҮНИЙ АЯ ТУХЫГ ХАНГАХ ТАЛ ДЭЭР ХЭРХЭН АНХААРЧ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХИЙСЭН БЭ?

Ая тухыг хангах тал дээр гадна талбайд оршин суугчид амарч, зугаалах ногоон байгууламж, усан оргилуур бүхий таатай орчинг бүрдүүлж, хүүхдүүдийн гадаа гарч тоглох хүслийг төрүүлэхүйц сонирхолтой тоглоомын талбайг бий болгосон. Манай нэг давуу тал бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ойр байрладаг. Тиймээс ямар ч шатгүй гүүрэн гарцыг барьснаар хүүхдийн тэрэг түрж яваа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дугуйтай зорчигчид зогсохгүй явсаар цэцэрлэгт хүрээлэнд очих боломжтой. Энэ мэтчилэн оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдруулах бүх л шийдлийг цогцлоохыг зорин ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХУВЬД АГААРЫН ЧАНАРЫН АСУУДАЛ МАШ ЧУХАЛ ТҮВШИНД ХҮРСЭН. ЭНЭ ТАЛ ДЭЭР SKY GARDEN RESIDENCE ТӨСӨЛ ХЭРХЭН АНХААРЧ БАЙНА ВЭ?

Бид шинэ төсөл дээрээ агаарын чанарыг илэрхийлэх 5.0 стандартыг хэрэгжүүлж байна. Энэ нь өрөөний температур 18-22 хэм, чийглэгийн төвшин 40-65 хувь, нүүрстөрөгчийн давхар исэл 1000ppm-ээс хэтрэхгүй, гадна дуу чимээ 45-60 дц байхаар төлөвлөсөн. Дотор агаарын чийгшил 50-60 хувь байх ёстой байтал Монголд маш хуурай байна. Үүнээс болоод амьсгалын замын өвчин ихээр гардаг. Мөн агаарт байх ёстой нүүрс хүчлийн давхар ислийн /CO2/ хэмжээ нь 800-1000 ppm байх ёстой атал манайд хэд дахин их байгаа нь судалгаагаар гарсан. Нүүрс хүчлийн хий их болсноор хүний бие нозоорч, нойр хүрч, мансуурсан юм шиг байдалд ордог.

МОНГОЛЫН БАРИЛГЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ “ЮУ” ГЭЖ ХАРЖ БАЙНА ВЭ?

Хүний нөөц дутмаг, мэргэшсэн хүмүүс бага байна. Миний бодлоор мэргэшсэн хүмүүсийг л барилгын талбайд ажиллуулдаг болмоор байна. Барилгын талаар ямар ч ойлголтгүй хүн туслахаар ажилд орсноос болж хөдөлмөрийн аюулгүй байдал талаас асуудал үүсэж, барилгын талбай дээр осол гарсан олон тохиолдол  бий. Хуучин цагт барилгын техник мэргэжлийн сургуулиас өрлөгчин, шаварчин гээд мэргэжлийн ажилчид бэлтгэдэг байлаа. Одоо тэр бодлого алдагдаж, дуртай нь ажилд ороод өдөр нь хийсэн ажлынхаа цалинг орой нь авах хүсэлтэй хүмүүс их болжээ. Иймээс энэ асуудалд төр засаг, барилгын салбарт ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд анхааран ажиллаж, тодорхой төвшинд мэргэжлийн үнэмлэх олгох хэрэгтэй гэж бодож байна.

ЗАЛУУ ҮЕИЙНХЭНДЭЭ ХАНДАЖ ЮУ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА?

Миний бодлоор өнөө үед өндөр боловсрол, мундаг дипломтой гэхээсээ илүү зөв сэтгэл, хандлагатай хүн үнэлэгдэж, амжилтад хүрэх юм шиг санагддаг. Гадаадын нэр хүндтэй сургууль төгсөж, олон хэлээр ярьдаг өндөр боловсролтой байлаа ч зөв хандлага үгүй бол хол явахгүй. Нэг компаниас нөгөө компани руу дамжсан, тогтвор суурьшилгүй залуучууд цөөнгүй тааралддаг. Иймээс залуу үедээ аливаад чин сэтгэлээсээ, зөв сайхан сэтгэлээр хандаж байхад үр дүн нь хэзээд гарах болно гэж хэлмээр байна.


Манай ярилцлагын буланд анхны зочноор оролцсон танд талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Тэсо Пропертис Группийн хамт олондоо цаашдын их үйлсэд нь амжилт хүсье! Хоёр байгууллагын хамтын ажиллагаа урт хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэдэгт бид итгэж байна. 

 

www.teso.mn

www.skygarden.mn 


МБҮА-ийн Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-10-02 өдөр 17:33:0 цаг