ЗАСГААС 2020-2024 ОНД 12 ЯАМ ДАРААХ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар тоймловол:

САНГИЙН ЯАМ: Дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмнэ

  • Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлнэ
  • Аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмнэ
  • Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
  • Орон нутгийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх, боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулна
  • Эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ
  • Засаглал, төрийн ил тод, цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ: 10 аймгийн төвд дулааны станц барина 

  • Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгоно.
  • Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулна
  • Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө.
  • Тавантолгойд дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц барина.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ: Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөнө

  • Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ. 
  • Ингэснээр эдийн засгийн үр дүнтэй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалттай болно. 
  • Бодлогод суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт бий болгоно. 
  • Эдийн засгийн өсөлтийг хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ. 
  • Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна.
  • Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ. 
  • Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ. 
  • Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ. 
  • Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барина.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ: Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулна

  • 2021-2025 онд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулна.
  • Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах болон бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ: Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна

  • Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна.
  • “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нийслэл, орон нутагт байгуулна.
  • Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна.
  • Мөн харьяа байгууллагууд болон албан хаагчдын орон сууц зэргийг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ: Тэтгэврийн зөрүүг арилгана

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн чадавхийг бэхжүүлж, бүрэн цахимжуулна.
  • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ: Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна

  • Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна.
  • Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлнэ.
  • Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна.
  • Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ: Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

  • Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна.
  • Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
  • Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна.
  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ.
  • Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ.
  • Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ: Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ

  • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
  • Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулна.
  • Аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барина.
  • Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ.
  • Хүнсний ногооны дотоодын хэрэглээг жилийн турш тогтвортой хангана.
  • Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг тухай бүр хийж, усалгаатай тариаланг хөгжүүлнэ.
  • “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ: Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна

  • Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна.
  • Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ: Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна

  • Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ.
  • Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ.
  • Эхийн эндэгдлийн түвшинг 10 мянган амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулна.
  • 10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ: Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ

  • Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авна.
  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, түлш борлуулах, түгээх, сүлжээний хэвийн байдлыг хангана.
  • Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бага, дунд оврын уурын зуухуудыг буулгаж, төвлөрсөн системд холбоно.
  • Ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувьд хүргэнэ.
  • Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-11-05 өдөр 11:37:1 цаг