Ажлын алба
Монгол Улсын хотжилт, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд алхаж буй аж ахуйн нэгж, компаниудын нэгдэл болсон Монголын барилгын үндэсний ассоциацийн Ажлын албаны хамт олон бид асар хурдтайгаар хөгжиж буй барилгын салбарын болон нийгмийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн ажиллахын тулд өөрийн гишүүн компаниудыг чадавхижуулах, бизнесийн болон хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн болон гадаад орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ажлыг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ. 
 
Салбарын тэргүүлэгч мэргэжлийн төрийн бус байгууллагуудын нэг болох манай Ассоциаци нь өнгөрсөн онуудад Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудын хүрээнд олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажилласан билээ. Төр, засгийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа нягт уялдуулсны үр дүнд барилгын салбарын төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үйл ажиллагааг салбарын бусад төрийн бус байгууллагуудтайгаа түншлэн хэрэгжүүлэхээр болсон үйл явдал нь манай салбарт томоохон хөгжил дэвшлийг авчирсан, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх мөч болж байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн, БХБЯ-ны захиалгаар “Монгол Улсын орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г хийж гүйцэтгэх тендерт шалгаран, уг судалгааг эхлүүлэх гэж байна. 
 
 
Үүний зэрэгцээ гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажилласны үр дүнд 2018 оноос эхлэн хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр олон улсын байгууллагуудаас зарласан тендерүүдэд шалгараад байна. Тухайлбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-тай хамтран 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Монголд үр дүнтэй холбоодыг байгуулах: Гишүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төсөл, Франц Улсын GERES-тэй хамтран Европын Холбооны санхүүжилтээр 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Эрчим хүчний хэмнэлттэй технологийг Монголд нэвтрүүлэн нутагшуулахад бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах” зэрэг болно. Мөн, ХБНГУ-ын Баваари мужийн BfZ-тэй 2016 оноос хойш хэрэгжиж буй “Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч” болон Япон Улсын ЖАЙКА-тай 4 жилийн хугацаатай хэрэгжих “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх” төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. 
 
Энэ бүхий л он жилүүдэд МБҮА-ийн Ажлын албаны хамт олны идэвхи зүтгэл, санаа санаачлагыг үргэлж дэмжин хамтран ажилласан МБҮА-ийн нийт гишүүд, төр-хувийн хэвшлийн түншлэгчид, оролцогч талууддаа дахин баярлаж талархсанаа үүгээр илэрхийлэхийн ялдамд Та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй, өндөр амжилттай, эерэг хандлагатай, эрүүл энх байж, эх орондоо улам ихийг бүтээн байгуулахыг хүсэн ерөөе!
 
 
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Л.ХУЛАН 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-02-11 өдөр 21:24:5 цаг