БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Засгийн газрын 2019 оны 70-р тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын 2.2.5-д заасан “Барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах”- зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материал үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөнийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд зохион байгуулсан.
Зөвлөгөөнийг нээж БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар үг хэлж, Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан,  тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Баатарбилэг нар мэндчилгээ  дэвшүүлэв.
 
 
 
Зөвлөгөөнд дараах сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцсэн.  Үүнд: 
- Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх бодлого,үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх бодлого зорилт – БХБЯ-ны ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга
- Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал - МХЕГ-ын ДБХГ- ын дарга Д.Жаргал
- Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар – МБМҮХолбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж
- Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлд хаягдал ашиглах талаар хийсэн судалгаа, цаашдын чиглэл - Каритас Чех ОУБ-ын төсөл, ШУТИС-ийн Др,Профессор Д.Сүнжидмаа
- Барилгын материалын ханган нийлүүлэлтийн  өнөөгийн байдал,  тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам - “Барилгачин групп” ХХК-ийн захирал Г.Батсүх 
- Барилгын материалаас ялгарах хортой бодис, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, норм, норматив , стандартын  шаардлага, ирээдүйн хандлага – “Дотоод орчны агаарын чанарын холбоо” ТББ-ын УЗ-гишүүн Б.Алтангэрэл
- Орон нутагт салбарын бодлогын  хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээ - Архангай аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Рэнцэндорж 
- Барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагаа- “Налайхын БМҮТП”-ын дарга С.Батжаргал 
- Барилгын материал үйлдвэрлэгчийн илтгэл- “МАК” ХХК , “Премиум конкрет” ХХК , “Пирамид индастри” ХХК. 
 
 
Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн, тус яамны холбогдох  газрын дарга  мэргэжилтэнүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий  газар,  Ашигт малтмал, газрын тосны газар,  Улаанбаатар төмөр замын төлөөлөл болон   Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал Б.Энхболд, М.Ибрай болон бусад албаныхан мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн оролцсон.
 
Тус зөвлөгөөнд  МБҮА-ийг төлөөлж  Удирдах зөвлөлийн гишүүн, “Барилгачин групп” ХХК-ийн захирал Г.Батсүх, Удирдах зөвлөлийн гишүүн,”Грийн ресурс” ХХК-ийн захирал Ганзориг,  Ажлын албаны гүйцэтгэх захирал Л.Хулан , БҮАТЗХ-ийн дарга Х.Гүлбарша, Салбарын бодлого, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Г.Лосол нар оролцсон.  Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар БХБЯ, “БХТ” ТӨААТҮГ хамтран зохион байгуулагчаар Архангай аймгийн ЗДТГ, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Ерөнхий ивээн тэтгэгчээр Каритас Чех олон улсын байгууллага нар ажилласан байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуй нэгж , үүнээс Улаанбаатарт 368 аж ахуй нэгж,  хөдөө орон нутагт 154 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал Улаанбаатар хотод 554 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бол 21 аймгийн хэмжээнд 499 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.  
 
Зөвлөгөөний үеэрх мэргэжилтнүүдийн тавьсан илтгэл, судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд барилгын материалын нийт 827 орд, илэрц байгаагаас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 57, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 223 орд байна. 
Зөвлөгөөний үеэр барилгын материал үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргажээ. 
 
 
Үзэсгэлэнд “Монцемент билдинг материалс” ХХК, “Монголын алт” (МАК) ХХК, “Премиум индастриал энд инженеринг” ХХК, “Перамид индастриаль” ХХК,  “Сейф арматур” ХХК,  “Цонх констракшн” ХХК,  Хөтөл “Цемент Шохой” ХК ТӨХК,  “Батс-Өргөө” ХХК,  “Метропласт” ХХК,   “Жоби” ХХК,  “Цээб” ХХК,  “Монголбазальт” ХХК,  “Сибкабель” ХХК,  “Дорнын хөгжил” ХХК,  “Байгууламж-Од” ХХК,  “Шилмэл өргөө” зэрэг 16 аж ахуйн нэгж оролцсон байна.
 
 
 
Зөвлөгөөнөөс дараах 3 чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг тусгаж  ЗӨВЛӨМЖ гаргалаа . Үүнд: 
 
 Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон зохион байгуулалтын ажлын чиглэлээр:
1. Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 
2. Ашигт малтмалын тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх;
3. Барилгын материалын үйлдвэрлэлийн хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан, инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх;
4. Барилгын материалын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийн нэгдсэн баазтай болж, төрийн болон Төрийн бус байгууллагын хэрэгцээнд нээлттэй ашиглах.
 
Түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр:
1. Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх бетоны нарийн ширхэгтэй элс, хайрга, дайргын хэрэглээг хангах, хүртээмжтэй байлгах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх;
2. Барилгын хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, барилгын материалын үйлдвэрлэлд үнс, буталсан бетон, тоосго, хаягдал шилийг дахин ашиглах боломжийг бүрдүүлэх.
 
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр:
1. Төмрийн хүдрийн ордыг түшиглэж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арматурын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
2. Цементийн ханган нийлүүлэлтийн тогтвортой, оновчтой сүлжээг бий болгож, нөөц бүрдүүлэх, дотоодын хэрэглээг бүрэн хангасны үндсэн дээр экспортод гаргахыг дэмжих;
3. Барилгын салбарыг болон бусад салбарыг технологийн шохойгоор хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
4. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилгын шилний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх.
 
Барилгын материалын бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах чиглэлээр:
1. Барилгын материалын үйлдвэрлэлд тавих дотоодын хяналтыг сайжруулж, хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан үр дүнд чиглэсэн хяналтын тогтолцоог бий болгох;
2. Хилийн хяналт, лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлж, импортын материалд тавигдах шаардлагыг хангуулах;
3. Дотоодын болон гадаадын итгэмжлэгдсэн байгууллагаас Тохирлын гэрчилгээтэй барилгын материалыг хилээр нэвтрүүлэх;
4. Хүний эрүүл мэнд, дотоод орчны агаарын бохирдолд нөлөөлөхүйц барилгын материалд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах;
5. Зарим төрлийн барилгын материалыг хилийн хяналтад хамрагдах жагсаалтад оруулах асуудлыг судалж шийдвэрлэх;
6. Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори, аймгуудын ГХБХБГ-уудын лабораторыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн хяналтыг шинэ шатанд гаргана.
 
МБҮА ТББ-ын Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-10-09 өдөр 14:11:5 цаг