Хөл хорио тогтоож, ажиллах боломжгүй болсон энэ үед барилга бүтээн байгуулалтын салбарын тулгамдсан асуудлаар барилгачдынхаа саналыг нэгтгэн төрийн өндөрлөгүүд, сайд, дарга нар руу албан бичгийг Монголын Барилгын Үндэсний Ассоциациас хүргүүллээ
Хөл хорио тогтоож, ажиллах боломжгүй болсон энэ үед барилга бүтээн байгуулалтын салбарын тулгамдсан асуудлаар барилгачдынхаа саналыг нэгтгэн төрийн өндөрлөгүүд, сайд, дарга нар руу албан бичгийг Монголын Барилгын Үндэсний Ассоциациас хүргүүллээ...
 
Албан бичгийн утгыг сийрүүлбэл:
 
Эрхэм хүндэт 
 
-МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНЫ
 
-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ТАНЫ
 
-МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Я.СОДБААТАР ТАНЫ
 
-МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТАНЫ
 
амрыг эрэхийн зэрэгцээ улс орон даяар үүсээд байгаа цар тахлаас ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, дэмжин ажиллах нөр их үйлсэд нь манай барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, МБҮА ТББ-ын нийт гишүүд болон өөрийн зүгээс амжилт хүсье.
 
Монгол Улсын Засгийн газар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Монгол Улсад анх удаа улс орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх албан ёсны шийдвэрийг гаргаж, тус хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин сунгаад байна.
 
Манай бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд нь нүүрлээд буй цар тахлын хүрээнд төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг өнөөг хүртэл зөвөөр ойлгон хэрэгжүүлэн чадлаараа тэмцэж ирэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд гишүүн байгууллагуудын нөөц бололцоог дайчлан төр, засагтаа эд материалын болон санхүүгийн дэмжлэгийг байнга үзүүлсээр ирсэн билээ.
 
Харин одоо бүх нийтийн бэлэн байдал, хөл хориог тогтоосноор аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд үүний эсрэг зогсох боломж шууд хязгаарлагдаж байгаа тул төр, засаг нь боломжоороо дэмжих тэр цаг нь ирж, улс орны эдийн засаг, бизнес эрхлэгчдээ аврах алхмыг хийхгүй бол энэ байдал улам их хүндэрч ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, цаашилбал нийгмийн сөрөг нөхцөл байдлыг буюу нийгмийн халамжийн зардлыг улам даах аргагүй болгох сөрөг үр дагаврыг бий болгохоор байна.
 
“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм-эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм-эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах зарчмыг баримтлах; мөн хуулийн 7.1.5-д цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэгийг үзүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр заасан байна.
 
Манай улсын барилга, бүтээн байгуулалтын ажил нь цаг агаарын нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан улирлын чанартай, зуны цөөхөн хэдхэн сарын хугацаанд цаг нартай уралдан өвлөөс урьтаж гүйцэтгэх шаардлагатай байдаг нь энэхүү ажлыг цахимаар гүйцэтгэх ямар ч боломжгүй тул барилгын талбай дээр эсвэл хоосон барилга дотор биетээр гүйцэтгэж, хүнтэй харилцаанд ордоггүй ажилладаг бөгөөд халдвар хамгааллын арга хэмжээг авч ажиллахад халдвар тархах аюул нь бага юм.
 
Одоогийн байдлаар барилга, бүтээн байгуулалтын том, том төслүүдийн ажил зогссоноор олон мянган ажлын байр хумигдаж, барилгачид ажилгүй болох эрсдэл нүүрлээд байна. Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт 70-80,000 мянга гаруй ажилчид ажилладгаас 30% нь өдөр тутмын цалингаа авч амьжиргаагаа залгуулдаг, 15-20% орчим нь 7-14 хоногийн л хоол, хүнс болон автобусны мөнгө төгрөгтэй байдаг бөгөөд эдгээр иргэдийн амьжиргааны асуудал нь нэн эмзэг хүнд байдалд ороод байна.
 
Иймд нэгэнт эхлүүлсэн, өндөр хэмжээний санхүүжилтийн зардал урсаж байгаа томоохон төслүүдийн барилга угсралт, материал үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажлыг нь гүйцэтгүүлэх боломжоор хангуулахыг УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яаманд санал, хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
 
Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн боломж бага байгаа ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төр, засгийг манай барилгын салбарын ААНБ-уудад үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулахтай холбогдсон арга хэмжээний талаар дараах гол зүйлсийг анхаарч ажиллах санал, хүсэлтийг гаргаж байна. 
 
 
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-11-17 өдөр 17:28:5 цаг