БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮРЭН ЦАХИМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
МБҮА ТББ нь “Барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаал, Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан 2018/18 дугаар гэрээний үндсэн дээр салбарын бусад ТББ-уудын түншлэлийн хамтаар 2018 оноос хойш гүйцэтгэж, 2020 оноос БХБЯ-тайгаа гэрээгээ дахин 3 жилээр сунган ажиллаж байгаа билээ. 2019.04.01-ний өдрөөс цахимаар ААНБ-ын материалыг хүлээж авдаг байсан бол ирэх 07-р сарын 01 ний өдрөөс эхлэн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа мөн бүрэн цахим хэлбэрээр явагдаж эхлэхээр боллоо. Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн программ хангамжийг хөгжүүлж, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой дараах үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Үүнд: 
  • Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл;
  • Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл; 
  • Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл.

Энэхүү систем нь төрийн мэдээлэл солилцох (ХУР) систем, Танилт нэвтрэлтийн нэгдсэн (ДАН) системүүдтэй холбогдсоноор тухайн иргэн, хуулийн этгээдээс ямар нэг лавлагаа, тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм. Ийнхүү тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахимжсанаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн. Ингэснээрээ барилгын тусгай зөвшөөрөл дагасан асуудлууд цэгцэрч, иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл нь нээлттэй ил тод болох юм. Мөн энэ хүрээнд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” болон “Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулаад байгаа юм.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл цахим хэлбэрт шилжүүлэх ажилтай холбоотойгоор өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр МБҮА ТББ-ын Тусгай зөвшөөрлийн НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний хэлтэс дээр БХБЯ болон ААНБ-уудын төлөөллүүд хүрэлцэн ирж цахим системийн үйл ажиллагааны талаарх танилцуулах уулзалт болж байна. 
 
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба
 
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-06-10 өдөр 10:05:5 цаг