БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТ БАРИЛГЫН САЛБАРЫНХАНД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА
Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж, олон улсын тээвэр логистик, барилгын материалын үнэ ханш өөрчлөгдөж, хомсдол үүссэн болон бусад хүчин зүйлсээс хамаарч барилга байгууламж барих төсөвт тодотгол хийж өөрчлөлт оруулахгүй байгаа нь салбарынханд ихээхэн хүндрэлийг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын барилгын материал нь импортоос шууд хамааралтай байгаагаас хамааран гадаад зах зээл дээрх үнийн өсөлт импортын арматур, цементийн үнийг огцом өсгөхөд нөлөөлснөөр улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар барьж буй барилга байгууламжуудад хуучин тусгасан төсөв хүрэлцэхгүй, цаашид баригдах эсэх нь ч тодорхойгүй болоод байгаа хүндрэл бий болоод удаж байна.
Энэ талаар “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ыг төлөөлөн Тэргүүн Ч.Наранбаатар, Хөвсгөл аймгийн “Сант-Өндөр” ХХК-ийн Захирал С.Оюунчимэг, Ховд аймгийн “Цагаан бөлбөө” ХХК-ийн Захирал Ц.Цэндхүү нар нь МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Гүйцэтгэх захирал Л.Хулан, Салбарын бодлого хариуцсан Зөвлөх Г.Лосол нартай уулзаж үүсээд байгаа нөхцөл байдал, бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож, гаргалгаа шийдлийн талаар ярилцав.
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ нь 2021 оны хавраас хойш Барилга, хот байгуулалтын яам, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад байгууллагуудтай удаа дараагийн уулзалтуудыг хийсний үр дүнд барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, барилга угсралтын ажлын зардлын үнийн өсөлтийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолыг гаргуулан ажилласан билээ. Гэвч энэ тогтоолын хэрэгжилт нь гажуудаж, удааширч байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй барилгын гүйцэтгэгч компаниудад нэлээн их хүндрэлийг учруулаад байгаа юм.
Энэ уулзалтаар хөдөө, орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд нь бүгд зогсолтын байдалд ороод байгаа болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнөх, он дамжин хэрэгжиж байгаа барилгуудын цалингийн зардал нь 2009 оны тарифаар, машин механизмын зардал нь 2012 оны тарифаар, тээврийн зардал нь 2019 оны тарифаар тооцогдож байгаа нь өнөөгийн үнийн өсөлтийг шийдэхгүй, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан бүтээн байгуулалтуудыг хэрхэх тал дээр холбогдох болон салбарын яамдуудын удирдлагууд болоод төр засгийн өндөрлөгүүдэд ойлгуулж, дуу хоолойгоо хамтран хүргэж, шуурхай шийдвэр гаргуулах тал дээр ажиллахаар тогтлоо.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-06-20 өдөр 00:00:0 цаг