АЙ ДИ СИ АЙ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ВАНЧИНДОРЖ: ХҮН АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ МӨН ЧАНАРЫГ НЬ ОЙЛГОЖ ХИЙВЭЛ АМЖИЛТАНД ХҮРЭХ БАЙХ ГЭЖ БОДДОГ

Хотод ийм үзэсгэлэнтэй хотхон хаус боссон чинээ санасангүй. Монголдоо мөртлөө харьд байгаа юм шиг санагдаж байна шүү? 

 

Яг л ийм мэдрэмжийг төрүүлэх гэж энэ төслийг санаачилж хийсэн юм. “FUJI Garden” хотхон нь Connecting Nature гэх уриаг гаргаж ирж Япон архитектурын шийдлийг Монгол инженерийн ур ухаантай хослуулан орон зай, төлөвлөлтийг ухаалаг зохион байгуулалттайгаар шийдэж унаган байгальд цогцлоож байгаагаараа онцлог билээ. Байгалийн эко системтэй уялдсан хотхон маань хотын төвтэй хамгийн ойр Богдхан уулын Хүүшийн аманд байрладаг. Японы Фүжи уулын ойролцоо байдаг нууруудаас хамгийн үзэсгэлэнтэй нь ЯМАНАКА-КО нэртэй нуур байдаг ба яг тэрхүү нуурыг хэлбэрээр масштабыг нь багасгаж хийсэн. Өөрөөр хэлбэл Богдхан уулын унаган байгалийн үзэсгэлэнд үзэмж нэмэхээс гадна үүгээр зочилсон хүмүүст Япон улсын Фүжи ууланд, Яманака-ко нуурын дэргэд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхийг зорьсон. Энэ нууран дотор байгаа чулуун террас нь өөдөө тэмүүлэх амжилтыг бэлгэддэг юм. Уулнаас урсан ирж буй ус цөөрөмд тогтож цөөрмийн усанд сарны гэрэл тусахаар зохиомжилсон байгаа. Одод түгсэн шөнө цөөрмийн усанд сар туссаныг ширтээд суух ямар үзэсгэлэнтэй, гайхамшигтай болохыг FUJI Garden хотхоны Japanese Garden-аар мэдрүүлэхийг хичээсэн.   

 

-Хүмүүс, хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ чухал гэдгийг эргэн ойлгож байгаа энэ үед яг цагаа олсон бүтээн байгуулалт шиг санагдлаа? 

Хүүшийн амны ой мод, газрын тогтоц, агаарын өвөрмөц урсгал, ой модны дуу чимээг шингээх чадвар нь анх энэхүү төслийг Connecting Nature уриатайгаар эхлүүлэх шалтгаан болсон. Үдшийн нам гүм ч юмуу өглөө эрт босоод нар луу хараад чимээгүй суугаад үзэх юм бол байгаль дэлхий гэгч ямархуу гайхамшигтай гэдгийг мэдрэх байх. Ийм ч үүднээс ажил, бизнесээсээ хамгийн ойр байршилд жилийн дөрвөн улиралд, унаган байгальд хайртай гэр бүлийнхэнтэйгээ амьдрах боломжийг бий болгох зорилготойгоор энэ хотхоноо бүтээлээ. Өдөр бүр ой модонд алхаж, байгалийн үзэсгэлэнд өглөөний цайгаа уунгаа жилийн дөрвөн улиралд цэвэр агаар амьсгалах нь өнөөгийн суурьшмал нийгэмд хамгийн том тансаглал мөн биз. /инээв/

-Хотхоны урд хэсэгт дотор хамтын цэцэрлэг босгохоор эхлэлийг нь тавьж байгаа юм байна. Энэ ч яахын аргагүй гоё шийдэл байна шүү?

Бусад улс орнуудад ийм Indoor Community Garden /дотор цэцэрлэгт хүрээлэн/ нилээдгүй олон хийгдэх болсон нь хүн байгаль дэлхийн харилцан хамаарлыг илүү ихээр ойлгох болсонтой холбоотой байх. Indoor Community Garden нь оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, орчны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бас нэмэгдүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл гэрийн тань дэргэд дөрвөн улирлын цэцэрлэг байх нь гэр бүлийн бүх гишүүдэд маш таатай байдлыг бий болгодог. Чөлөөт цагаараа цэцэрлэгт өнгөрүүлж, амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ цэцэрлэгт ажиллаж, сонирхсон ургамлаа тарьж сурах гээд бүх боломжийг гаргаж өгдөг. Одоо хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч цэцэрлэг, ногооны талбайд ажиллахыг сонирхох болсон байна. Ингэснээр байгалиа ойлгож мэдрэх, хайрлаж хамгаалах суурь мэдлэг зөв тавигдаж эхэлнэ гэж би хувьдаа боддог. Мөн хамтын цэцэрлэгийг байгуулснаар оршин суугчид дундын төсөлтэй болж бие биетэйгээ илүү нөхөрлөх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх гээд энэ цаг үед дутагдаж байгаа хөршийн холбоог жинхэнэ утгаар нь хөгжүүлэх боломжтой. Дээх нь үед бидний эцэг эхийн үед айл хөршүүд ямар гоё харилцаатай амьдардаг байлаа.  

 

-Энэ хотгор, хонхор газар чинь юу билээ?

 

Одоо цагт эрүүл аж төрөх л амьдралын чанарын нэг чухал хэсэг болоод байна. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь амьдралын хэв маягтай шууд хамааралтай байдаг. Уг ойлголтод тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа байдал, гэр бүлийн цаг, өөртөө цаг зарцуулах зэргийг хамруулж ойлгож болно. Хүн бүр, гэр бүл бүр өөр өөрийн тогтсон амьдралын хэвшилтэй байдаг. Уг хэвшлээс гэр бүлийн эрүүл мэнд, харилцааны уур амьсгал шууд хамаарч байдаг. Тиймээс амралтын өдрөөр гэр бүлээрээ ууланд алхаж, террас дээрээ иог хийж нарны энергийг мэдэрч, хүүхдүүдтэйгээ хамт тоглож яагаад болохгүй гэж. Жижигхэн зүйлс амьдралыг илүү гэгээлэг болгодог. Энэ үүднээс л гэр бүлийн гишүүн бүрд зориулсан хөдөлгөөн хийх, байгалийг багтаасан, харахад сонирхол татахуйц, хөдөлгөөний эрчмийг дэмжсэн гэр бүлийн тоглоомын талбай хийж байгаа юм.

 

 

-Ингэхэд Ванчиндорж гэдэг хүний талаар яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Та өөрийгөө танилцуулна уу?

Юуны өмнө манай хотхонд хүрэлцэн ирсэн МБҮА ТББ-ын хамт олон та бүхэндээ баярлалаа. Их сургуулиа төгсөөд АНУ-д суралцаж байгаад хувийнхаа бизнесийг эрхлэхээр буцаж ирсэн. Барилгын салбар руу дотны эгч, ахынхаа тусламжтайгаар найзуудын хамт орж ажилласан. Олон төсөл дээр гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай ажилласан. Одоо архитектураар сурах сонирхолтой гэхдээ зургийн авьяасгүй болохоор бүтэх эсэхийг нь сайн мэдэхгүй байна ккк. Манай компани Ай Ди Си Ай ХХК нь барилгын хөгжүүлэгч буюу Developer болох зорилготойгоор ажиллаж байна. Монгол хүмүүс авьяастай болохоор дэлхийд гарах боломжтой гэж хардаг.

 

 

-Танай хотхоны гаднах талбай, амьдрах хэв маяг, ногоон байгууламж гээд маш их цаг хугацаа, хөрөнгө зарцуулсан нь илт харагдаж байхын?

 

Барилга нь орон байр, аюулгүй байдал гэх мэт хүний ​​анхдагч хэрэгцээг хангадаг ч түүний архитектур нь түүнтэй харьцаж буй аливаа хүний  сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байдаг. Хүмүүс бид бусад амьтдын нэгэн адил хүрээлэн буй орчны нөхцөл байдалд маш мэдрэмтгий ханддаг. Тиймээс архитектур, хот байгуулалтын дизайн нь хүмүүст урт хугацааны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих физиологийн хариу урвалыг бий болгож, зарим тохиолдолд өвчин эмгэг, сэтгэцийн хямралд хүргэдэг болохыг олон тооны судалгаа харуулж байна. Тухайлбал ногоон байгууламж, онгон зэрлэг байгаль нь эрүүл мэндийн байдлыг сайжруулж, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг гэсэн үр дүн нь хамгийн сайн баримтжуулсан дүгнэлтүүдийн нэг юм. Хүн төвтэй төлөвлөлт бол хэсэг зуур яриад өнгөрөх трэнд төдий зүйл биш юм. Энэ бол хүн, барилга, байгаль гурвын харилцан холбоо, түүнд тулгараад буй асуудлын шийдэл юм. Хүн төвтэй барилга төлөвлөлтөд орон зай, гэрэл, өнгө гэсэн гурван элементийг чухалчилж үздэг ба уг элементүүдийг зөв зохистой төлөвлөснөөр амьдралын чанар сайжрах, чанартай урт наслалтыг бий болгох, нийгэмд эерэг нөлөөлөл авчрах давуу талуудтай. 

 

 -Танай компанийн хийсэн энэ бүтээн байгуулалт бол яахын аргагүй бусдад үлгэр жишээ болсон сайхан бүтээн байгуулалт байна. Энэ бүтээн байгуулалтаас таны дотор сэтгэл харагдах шиг боллоо?

Аливаа байгууллага, хувь хүн хамгийн чухал зүйл буюу үнэт зүйлсээ байнга эрэлхийлж байдаг. Манай байгууллагын хувьд үнэт зүйлээ тодорхойлсон нь биднийг ажилдаа илүү их эрч хүчтэй байх боломжийг олгодог байх. Манай төслийг сонгох гэр бүлийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцоолж тухайн гэр бүлийг аз жаргалтай байлгах ямар төлөвлөлтийг хийж болох вэ гэсэн асуултанд төсөл бүр дээр хариулж ажиллах нь бидний хувьд амаргүй ч аз жаргалтай агшин байдаг.

Хувь хүний хувьд тодорхой жишээн дээр ярихад хэдэн жилийн өмнө бол бусдын адил том жийп унахыг илүүд үздэг байсан бол одоо хайртай гэр бүлийхэнтэйгээ, хамт олон, найз нөхөдтэйгээ хамтдаа байхыг илүүд үзэх болсон. Тэр бүхэндээ илүү цаг гаргахын тулд хот дотор hybrid цахилгаан дугуй унаж ажлаа амжуулж байна.

Дугуйтай явснаар хүрээлэн байгаа орчноо илүү их ажиглаж, мэдэрч, олон ажлыг амжуулж болдог. Суудлын ажлын хөдөлгөөний дутагдлыг дугуй унаж нөхөхийг хичээж байна. Одоогоор эрсдэл өндөртэй байгаа ч өдөр ирэх тусам автомашины жолооч нар дугуйтай зорчигчид хүндлэл үзүүлж байгаа нь мэдрэгдэж байгаа. Бинзенээ импортоор авдаг, төгрөгийн ханшны уналттай холбоотойгоор байнга нэмэгддэг манай улсад хамгийн тохиромжтой унаа юм болов уу гэж байгаа шүү ккк.

 

-Түрүүн таны ярианаас цөөрөм дотор хүүхэд орсон ч эрсдэлийг бууруулах үүднээс ач холбогдол өгч ажилласан гэх яриа их содон сонсогдлоо. Энэ хотхонд баригдаж, бүтээгдэж байгаа бүх зүйлс тийм шийдлээр хийгдсэн үү?

 

Аливаа хүн 5 мэдрэхүйгээрээ байгалийг  мэдэрч байж илүү их ойлгодог учраас тэрхүү мэдрэмжийг өгөхийн тулд хичээж ажилласан. Мэдээж эрсдэлийг тооцох нь хамгийн чухал асуудал. Манай төслийн хувьд нар, агаар, ус, мод, чулууг мэдрүүлэхийг зорьсон. Төслийн бүх ажиллагаа бүрийг өөрсдөө судалж туршлагатай гүйцэтгэгч нартай ажиллаж тэднийг ажиллах боломжоор хангаж өгсөн.

 

-Ковидын дараах хүндрэл хаа сайгүй нүүрлэж байгаа энэ үед энэ том төслийн ард гарна гэдэг амаргүй даваа. Энэ бүхний ард гарч буй танд томоос том баяр хүргэе?

Фүжи уулын дэргэдэх Яманака-ко нуурын дэргэд байгаа мэт гэр бүлийнхээ хамт Богдхан уулынхаа үзэсгэлэнт байгальтай холбоотой амьдрах төлөвлөлтийг FUJI Garden хотхонд хийлээ. Хаусны анхны төсөл байсан болохоор үнэхээр хэцүү байлаа, хэцүү байсан болохоор амттай байлаа, маш их туршлагажлаа. Дараа дараагийн төслүүд рүүгээ ороход бэлэн болоод байна.

Хамт олондоо талархаж байна, хамтарч ажилласан бүх байгууллага, хувь хүмүүст талархаж байна.

  

Танд баярлалаа

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-08-01 өдөр 00:00:0 цаг