П.ЛХАГВАДОРЖ: БАРИЛГЫН САЛБАРТ ЗОРИУЛСАН БАНК БАЙГУУЛЖ, БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ.
 
-Барилгын ассоциацийн дэд ерөнхийлөгч С.Нямдаваа: Олон залуусыг орон сууцаар хангая гэвэл зураг төсөлд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өнөөдрийн манай барилгын зураг төсөл бол ОХУ-аас хуулаад авсан загвар. Мөн Залуус 1, 2, 3 хөтөлбөрийг Монголын барилгын ассоциациас 100 хувь дэмжиж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд газар, дэд бүтцийг шийдэж байх явцдаа худалдан авалт зэрэгцээд хийх хэрэгтэй. НОСК, ТОСК гээд бизнесийнхээ хүрээнд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байдаг. Харин хувийн хэвшлийн барьсан орон сууцыг худалдаж аваад олон залуу гэр бүлийн орон сууцанд хамруулах бүрэн боломжтой. Ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй байдаг. Хоёрхон сарын дараа ажил эхэлнэ гэж байна. Энэ жил газрын асуудал, дэд бүтцээ шийдээд шаваа л тавьж амжина. Тэгэхээр бүтэн нэг жил алдах гээд байна. Энэ хугацаанд худалдан авалтаа хийх хэрэгтэй.
 
-"Тэсо пропертис" ХХК Гүйцэтгэх захирал П.Лхагвадорж: Би ганцхан барилгын санхүүжилт гэсэн сэдвийг яръя. Барилгын өртгийн хамгийн том нөлөөтэй зүйл бол барилгын санхүүжилт буюу зээлийн хүү байдаг. Барилгын салбарын нэг онцлог бол эцсийн бүтээгдэхүүн гаргах гэж дэс дараалсан 100 гаруй ажлын цогц байдаг. Хамгийн эхний бүтээгдэхүүн гаргах гэж 2-3 жил шаарддаг. Барилгын салбарын дундаж зээлийн хүү 18 хувь гэж үзвэл 2-3 жилийн дараа барилгын өртөгт эзлэх зээлийн хувь хэмжээ 36-54 хувь байгаа гэсэн үг. Тэгэхээр барилгын өртөгт гол нөлөө үзүүлээд байгаа зүйл бол зээлийн хүү байгаа юм. Монголбанк бодлогын хүүг арваннэгдүгээр сард бууруулснаас хойш бодитоор салбар дээр ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна. Тиймээс барилгын салбарт зориулсан тухайлсан үйл ажиллагаатай банк байгуулж, бага хүүтэй зээлээр барилгын салбарыг хангаач ээ гэдэг санал байна. Мөн Монголбанкны бодлогын хүү зургаан хувь байгаа нь хангалтгүй байна. Тиймээс үүнийг дахин бууруулах саналтай байна.
 
-Барилгын салбарын төлөөлөл н.Цогт: Залуу гэр бүлийг орон сууцжуулахад гол асуудал нь барилгын материал. Өнгөрсөн жил цементийн хомстол үүсч, үнэ өссөн. Тиймээс энэ жил хоёрдугаар сард үйлдвэрээ ажиллуулахаар бэлдэж байна. Хөл хориотой холбоотойгоор барилгын материал үйлдвэрлэлийн ажилтнуудыг ажиллах нөхцөлөөр хангаж өгнө үү. Барилгын материалын үнээс барилгын үнэ ханш хамаарч байгаа. Бидний бүтээгдэхүүний өртөгт нөлөөлдөг хоёрхон асуудал хэлье. Нэгд, газрын төлбөрийн асуудал байна. Хуулиар орон нутагт төлбөрт тогтоох эрх мэдэл өгсөн. Орон нутгийн удирдлагууд газрын төлбөрийг 10 дахин нэмсэн. Хууль эрх зүйн орчинд тусгасан нэр томьёоны зөрүүнээс үүдээд үнээ нэмээд байдаг. Нөхөн сэргээлт хийх дөрвөн сайдын тушаал гарсан. Үүнийг зөвшөөрөхгүй бол байгаль орчны төлөвлөгөөг баталж өгөхгүй гэдэг.
 
-Монцемент компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал н.Халиун: Монцемент компани 2006 оноос хойш инфляц суурилсан тогтвортой үнийг барихыг хичээж ирсээр байгаа ч бидний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хэд хэдэн зүйл байна. Нэгд, түүхий эдийн үнэ жил ирэх тусам өсч байна. Цементийн хамгийн чухал түүхий эд бол чулуунцар, нүүрс байдаг. Төмрийн хүдрийг ам.доллараар зардаг. Экспортын үнэ буурахад энэ үнэ нь буурдаггүй. 2013 онд УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хамгийн гол заалт нь 11.2 буюу газрын тос, барилгын материал, хөдөө аж ахуйн ноос ноолууран үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. Энэ хууль дагалдах хуулиудтайгаа уялдаагүй учраас хэрэгжихгүй байгаа. Хуулийг хэрэгжүүлэх хүсэлтээ хандаж үзээгүй газар байхгүй.
 
Эх сурвалж: www.itoim.mn

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-02-03 өдөр 12:18:2 цаг