МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ (МБҮА) ТББ-ЫН “СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2020-2024” ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ 2020 ОНЫ 07-Р САРЫН 02-НЫ ӨДӨР “ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДАЛД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨӨ.
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, архитектур, зураг төсөл, ханган нийлүүлэгч зэрэг 160-аад гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг, салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм. 
 
МБҮА ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхыг сайжруулж барилга, хот байгуулалтын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон амжилттай ажилласаар ирлээ. 
 
Өнгөрсөн 11 жилийн хугацаанд МБҮА ТББ нь 2 удаагийн Стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж ажилласан бөгөөд өнөөдөр буюу 2020.07.02-ны өдөр “МБҮА ТББ-ын  СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2020-2024”-г амжилттайгаар шинэчлэн боловсруулан дуусгаж, хүлээн авах ёслолын арга хэмжээ амжилттай болж байна.
 
Тус стратеги төлөвлөгөөг “4-6-8” бодлого дээр тулгуурлан гадаад, дотоод орчныг шинжилж 75 боломж, 270 аюул бэрхшээл, дотоод орчны 80 давуу тал, 127 сул талыг тодорхойлон, Гишүүд, хамт олны уулзалт хэлэлцүүлэг, макро, микро орчны судалгааны үр дүнд нийт 552 хүчин зүйлсийг тодорхойлон боловсруулсан онцлогтой болж чадсан ба уг Стратеги төлөвлөгөөний хүрээнд  нийтдээ 18 үндсэн зорилт, 172 нэр төрлийн ажлуудыг ирэх 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна.
 
МБҮА ТББ-ын бүтэц, зохион байгуулалтыг чиг үүргийн хүрээнд сайжруулж  энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ба Удирдах зөвлөл болон Хороодын оролцоотойгоор дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд түшиглэн дунд ба богино хугацааны бизнесийн төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, биелэлтийг ханган ажиллана гэдгээ МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нээлтийн үгэндээ дурдлаа.
 
Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, 2019 оны 202 дугаар тогтоолоор баталсан “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, шинээр байгуулагдах Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан салбарын бодлого, зорилтуудтай стратеги төлөвлөгөөгөө уялдуулан өргөжүүлж,  жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх юм.
 
Цаашид, МБҮА ТББ нь урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг төслийн удирдлагын арга зүйгээр хэрэгжүүлэх бодлогыг баримталж ажиллах бөгөөд нэгж, хэлтэс, хувь хүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг богино хугацааны төлөвлөлтөд нарийвчлан тусгаж ажиллахаас гадна Барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхыг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллахаар төлөвлөж байна.
 
 
 
 
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-07-02 өдөр 16:07:4 цаг