МЭНДЧИЛГЭЭ

 
Монгол Улсын хөгжлийн тулгуур болох барилга, хот байгуулалтын салбарт ажиллаж буй нийт ажилтан, ажиллагсад, барилгачид, инженерүүд, мэргэжлийн холбоод, бүтээн байгуулагч Та бүхэндээ айлчлан ирж буй 2019 оны мэндийг дэвшүүлье!
 
Барилга, бүтээн байгуулалтын салбар нь улс орныг цэцэглэн хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх гол салбаруудын нэг юм. Энэ ч утгаараа бүтээн байгуулагчид бид улиран одож буй 2018 онд эв нэгдэл, нөөц бололцоогоо бүрэн дайчлан улс эх орондоо багагүй бүтээн байгуулалтыг бий болголоо. 
 
Манай Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь өнгөрч буй онд өөрийн эрхэлдэг уламжлалт ажлуудын зэрэгцээгээр гадаад болон дотоод хамтын ажиллагааны хүрээнд олон шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэсний дотор Монгол Улсын БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу түншлэгч Төрийн бус байгууллагуудтайгаа хамтран “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан дүгнэлт гаргах” ажлыг түргэн шуурхай зохион байгуулж, амжилттай ажиллаа.  
 
Улиран одож буй 2018 онд манай байгууллагын гадаад хамтын ажиллагаа улам өргөжиж БНСУ-ын Барилгын Ассоциацитай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулж,  хоёр тал харилцан айлчлал хийж туршлага судаллаа. Мөн Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн Ерөнхийлөгч ноён Датук Мэттью Ти Кай Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс гадна АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 1 дүгээр сард,  БНХАУ-ын Макао хотноо 6 дугаар сард, Канад Улсын Торонто хотноо 12 дугаар сард, Малайзи Улсын Куала Лумпур хотноо 11 дүгээр сард зохион байгуулагдсан олон улсын барилгын салбарын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Монголын барилгын салбарыг төлөөлөн амжилттай оролцсон билээ. 
 
Монголын барилгын үндэсний ассоциаци нь нийслэл хотод тулгараад буй агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэн "Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх" төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр энэ оноос 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж, барилгын бригадуудыг эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр чадавхжуулах ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна.
 
Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртсөн иргэдэд зориулан тусламжийн аяныг гишүүн байгууллагуудынхаа дунд өрнүүлэн хандив цуглуулах, “ОУ-ын Эх Дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдэж Туул гол орчмын сав газрыг цэвэрлэх, “Мод тарих Үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Ассоциацийн нэрэмжит төглийг бий болгох зэрэг нийгэмдээ хандсан хэд хэдэн ажлуудыг мөн амжилттай зохион байгууллаа.
Өнгөрч буй онд манай Ассоциацийн гишүүнчлэлийн тоо 20 хувиар өссөн нь бид салбарынхныгаа нэгтгэн манлайлж чадсаныг илэрхийлж байна.
 
Ирж буй 2019 онд Монгол Улсын Засгийн газраас Барилга, хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлснийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахын зэрэгцээ салбарын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллийн хувьд хамтын хүч, бололцоогоо нэгтгэн Улаанбаатар хотод тулгараад буй агаар хөрсний бохирдлыг бууруулахын төлөө ажиллах болно.
 
Их бүтээн байгуулалтын эзэд болсон Та бүхэндээ ирэх 2019 ондоо улам эвлэлдэн нэгдэж ихийг бүтээн, улс эх орныхоо хөгжлийн хөдөлгүүрийн алтан жолоог түүчээлэн атгах өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Та бүхэнд шинэ оны цогтой гал халуун мэндийг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэхийн зэрэгцээ аз жаргал, эрүүл энх, аз хийморьтой байхыг хүсэн ерөөе!
 
ХҮНДЭТГЭСЭН, 
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Д.ЦЭРЭНЖИГМЭД
 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-12-27 өдөр 15:07:0 цаг