Орон сууц борлуулагчдад зориулсан сургалт боллоо
МБҮАссоциацийн дэргэдэх “Орон сууц, мэдээлэл, судалгааны төв”-д 2013 оны 10 сарын 4-нд үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, реалтор болох хүсэлтэй хүмүүст зориулсан анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдлаа.
 
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь байнга тэлж байдаг. Тиймээс маш өргөн хүрээний оролцогчтой,  бүх хуулийн этгээд тоглогч болдог энэ салбарт үл хөдлөх хөрөнгийн борлуулагч хүн ямар ямар мэдлэг боловсрол, ур чадвар эзэмшсэн байх хэрэгтэйг нарийн системтэйгээр үзүүлсэн нь энэхүү сургалтын гол онцлог байлаа.
 
Сургалтын хөтөлбөрт “Үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголт”, “Орон сууцны барилгын шинж чанар, түүнийг хэрхэн эрэмбэлэх тухай”, “Үл хөдлөх хөрөнгө борлуулагчийн эзэмших ур чадвар, мэргэжлийн ёс зүй”, “Харилцааны анхан шатны мэдэгдэхүүн”  зэрэг хичээлүүд багтжээ. Энэхүү сэдвүүдээр мэргэжилтнүүд илтгэл тавьсан байна.
 
Реалтор хүн худалдан авагчийн эрх ашгийг юуны өмнө баримжаалж, өөрийн ба компанийн үзэл бодлыг тулгахгүйгээр үнэн зөв,  алдаагүй мэдээлэл өгөх ёстой ба олон төрлийн чадвар давхар эзэмших хэрэгтэй. Мэргэшсэн худалдаачин, зөвлөх, санхүүч, үнэлгээчин,  зэх зээлийн мэргэжилтэн,  сэтгэл зүйчийн чадавхийг реалтор болох гэж буй хүн өөртөө бий болгохын тулд юу хийх ёстойг сургагч багш нар зааж,  танилцуулсан байна.
 
Өнөөдөр Улаанбаатар хотод орон сууцанд орох шаардлагатай 180 мянган өрх байгаа.  Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг банк, хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд,  барилгын гүйцэтгэгч, зөвлөхүүд,  даатгагчид болон реалторууд бүрдүүлж энэ бүхний цөмд худалдан авагч байдаг. Тиймээс реалтор болох хүн худалдан авагчтай харилцах урлагийг эзэмшиж,  ур чадвараа тасралтгүй сайжруулах учиртай.Тус сургалтыг зохион байгуулж буй МБҮА-ийн “Оронсууц, мэдээлэл, судалгааны” төв нь реалтор хүний эзэмшсэн байх бүх ур чадварыг багтаасан сургалтыг гүнзгийрүүлэн зохион байгуулах юм байна.
 
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-03-22 өдөр 15:36:5 цаг