АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 45 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАНД МБҮА ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАН ИЛТГЭЛ ТАВИЛАА

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь дахь удаагийн Чуулган нь Мальдив Улсын нийслэл Мале хотноо 2022.11.14-19-ний хооронд зохиогдож байгаа билээ. IFAWPCA-н 45 дахь Чуулганд Монгол Улсыг төлөөлж МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа. Мөн IFAWPCA-ийн Ерөнхийлөгчдийн хаалттай хурлын үеэр бие биетэйгээ танилцахаас гадна улс орнуудад үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн талаар санал бодлоо солилцсон байна.

Үүнээс гадна, Чуулганы үеэр ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН БАЙНГЫН ХОРОО-ны ээлжит хурлаар төр-хувийн хэвшлийн хооронд гэрээний нөхцөл байдлын ойлгомжгүй байдлаас үүсдэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа туршлагуудын талаар голчлон ярилцлаа. Ялангуяа, Ковид-19-н нөхцөл байдлаас үүссэн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээний доголдол, дэлхийн геополитикийн зөрчилдөөнөөс хамаарсан хүндрэлүүд нь бүх IFAWPCA-ийн Гишүүн орнуудын гэрээлэгч компаниудад хүндрэл үүсгэж байгааг онцолж байлаа. Тиймээс энэ үүссэн хүндрэлүүдийг гэрээний нөхцөл байдлуудыг сайжруулах замаар Засгийн газартайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар туршлагаа солилцох уулзалтыг жилдээ 2-3 удаа цахимаар зохион байгуулахаар тохирлоо.

Мөн тус Хорооны дундын групп-д үүсээд байгаа хүндрэл нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж даван туулж байгаа туршлагаа харилцан солилцох, Фидик болон SOP ( Security of Payment ) гэрээний нөхцөлүүдийг ашиглан гүйцэтгэгчдийг хэрхэн эрсдэлгүй хүндрэлээс гаргаж буй талаар өргөн хэмжээний уулзалт ярилцлагыг өрнүүллээ. Ялангуяа, Сингапур, Хонг-Конгийн Засгийн газрууд нь хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсний үр дүнд компаниуд нь хүндрэлийг бага хохиролтойгоор даван туулж байгаа туршлагын талаарх мэдээллийг өгөв. Иймд эдгээр улс орнуудын туршлагыг ч Монгол Улсад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх асуудал тулгарч байна.

Дашрамд дурдахад, МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь IFAWPCA-ийн дунд хугацааны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит чуулганы дараагийн ээлжит чуулганыг 2023 онд Монгол Улсад зохион байгуулах эрхийг авах саналыг тавиад байна.

 

АЖИЛЛАХ ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛЫГ

ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТУРШЛАГЫГ СОЛИЛЦОВ

Тус Чуулганы үеэр БОЛОВСРОЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙНГЫН ХОРОО-ны ээлжит хуралд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь оролцож, Монгол Улсад барилгын салбарын ажиллах хүчин, МСҮТ-ийн талаар мэдээлэл өгөв. Хурлаар дэлхий даяар үүссэн эдийн засгийн хямрал, Ковид-19-н нөхцөл байдлын хүрээнд ажиллах хүчний хомсдол барилгын салбарт маш их гарч буйг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, уг салбарын ажиллах хүчин нь тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлаас гадна цалин хангамж, ажиллах орчноос хамааран маш олноор гадагшаа гарч байгаа тухай гишүүн орнуудын төлөөлөгчид дурдаж байв. Ялангуяа, Сингапур Улс нь нийт гадаад ажилчдынхаа 30 хувийг алдсан ч цар тахлын дараа 10 хувь эргэж ирсэн ч ур чадвартай ажиллах хүчний хэрэгцээ ихтэй хэвээр байгааг онцолж байлаа. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ асуудалд үзүүлэх дэмжлэг, хамтран ажиллах асуудлуудыг Барилгын холбоондоо тавиад байна. Сингапур Улс нь ажиллах хүчээ Энэтхэг, Бангладеш, Балба, Мьянмар, Малайзаас авдаг байсан бөгөөд ажиллах хүчинд тавьж буй шалгуур үзүүлэлтээ нэлээн өндөрсгөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчин оруулж ирэх байгууллагууд нь хүмүүсийн зөөлөн ур чадварыг чухалчлахаас гадна англи хэлний ерөнхий түвшний мэдлэгтэй байх шаардлагатай байна. Зөөлөн ур чадвар гэдэг нь тухайн хүний харилцаа хандлага буюу биеэ зөв авч явах байдал, ааш араншин, тухайн орны орчин нөхцөлдөө хурдан дасан зохицож, өөрийгөө өөрчлөх сэтгэлгээ хэрэгтэй байгааг онцоллоо. Мөн мэргэжлийн ур чадвараас гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлах, ажлыг чанартай гүйцэтгэх чадвар, бүтээмжийг илүүтэй шаардаж байна. Барилгын ажил маш өндөр стандарттай байдаг учир дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажилчдыг Сингапур Улс нь авахад бэлэн байгаагаа дурдсан юм. Мөн ажиллах хүчин зуучилж байгаа байгууллагуудад тухайн хүмүүсээ эх оронд нь шалгалт авч сонгон шалгаруулсны дараа Сингапур Улсад ирсний дараа нь дахин шалгалт авч ажилчдыг тав тухтай байранд байлгах, халамжийн асуудлуудыг нь шийдэх, ямар нэгэн санал гомдол гарсан тохиолдолд тэр санал хүсэлтийг шийдвэрлэх нээлттэй Аппликэйшн-г ашиглаж болох боломжоор хангаж өгсөн байна.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Барилгын ассоциаци нь Азийн хөгжлийн банк (АХБ), Бангладеш Улсын Сангийн яамтай хамтран барилгын салбарт ажиллаж буй ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд чадавхажсан ажиллах хүчийг гадагш гаргах ажлыг хийж байна. Харин Бангладешийн барилгын ассоциаци нь Сингапурын барилгын ассоциацитай бэлтгэгдсэн боловсон хүчнээ гаргах талаар эхний төвшинд ярилцаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хоёр улсын Засгийн газрын төлөөллүүдийг уулзуулж ажиллах хүчний экспорт, импортыг зөв зохистой, хууль ёсны хүрээнд хийх бэлтгэл ажлуудыг ярилцав. Учир нь энэ асуудлыг хүний наймааны асуудлаас хол байлгах шаардлагатай тул Засгийн газрын түвшинд нухацтай сайн шийдвэрлэх ёстой гэдгийг хурлаар онцоллоо.

Филиппин Улсад аж ахуйн нэгж, байгууллагууд дээр суурилсан сургалтын төвийг байгуулаад одоо байгаа ажиллах хүчнүүдийн ур чадварыг нь улам дээшлүүлэх, илүү үнэлж аль түвшинд ямар хэмжээнд байгааг тодорхойлох цаг ирснийг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, ажилтнуудынхаа ур чадварыг зөв тодорхойлоогүй, шинэ техник технологид суралцуулаагүй асуудлаас үүдэж ажлын гүйцэтгэл удаан болох асуудлууд гардагтай холбоотой болно.

СУРГАЛТЫН ЧАНАРТ ХУВЬСАЛ ХИЙХ:

Иймээс БОЛОВСРОЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙНГЫН ХОРОО-ны уулзалтыг улиралд 1 удаа цахимаар зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлдэхэд үүсээд буй аливаа асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай асуудал, туршлагаа хуваалцаж байхаар тогтлоо. Тухайлбал, Сингапур Улс нь гаднын улс орноос маш их ажиллах хүчнийг авч байгаа тул тодорхой ямар шаардлагуудыг тавьж байгаа, ямар чиглэлийн ажиллах хүчин хэрэгтэй байгаа: мужаан, цахилгаанчин, сантехникч үү зэрэг асуудлуудын талаар мэдээллээ солилцвол тухайн орнуудын онцлог, нөхцөл байдалд тохирсон ажиллах хүчнийг бэлдэх, сургах, судалгааг хийх, ур ссчадварыг нь үнэлэх, ангилах, түвшин тогтоох асуудлуудыг тодорхой болгох бөгөөд энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлэн ярилцахаар боллоо.

Мөн бүхий л улс орнуудад өндөр ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээ маш их хэрэгтэй байгаа бөгөөд ажлаа сайн хийхээс гадна тухайн хүний аливаа зүйлд дасан зохицох чадвар, зан ааш, төлөвшлийн асуудалд анхаарлаа бас тавих болсон байна. Сургалтаар ур чадварыг дээшлүүлэхээс гадна ямар улс оронд очиж ажиллаж байгаа талаарх ойлголтыг өгөх, соёл, шашин шүтлэг, нийгмийн байдал, зан араншин гээд бүх талаар чиглэл өгч сургахгүй бол очоод соёлын буюу хүн хоорондын харилцааны асуудлууд үүсэж байгаа асуудал нь хүндрэл учруулахаар байгаа юм байна. Иймд сургалтын хөтөлбөрт нь энэ чиглэлийн асуудлуудыг оруулах шаардлагатай болсныг дурдаж байв. Мөн гаднын улс оронд очиж ажиллахын тулд тухайн хүн нь ар талдаа өр тавиад ирж буй нь ажлын бүтээмж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдалд нь нөлөөлж буй учир энэ асуудлыг ч урьдчилаад шийдвэрлэх ямар нөхцөл байдал байж болохыг судлах хэрэгтэй юм байна гэсэн асуудлуудыг онцлон дурдлаа.

Дараагийн нэг асуудал нь барилгын салбарын мэргэжилтнүүдийг МСҮТ-өөр дамжуулан барилгын салбарт нэвтрээд байгаа шинэ техник, технологийг эзэмшүүлэх, сургах хэрэгтэй байгааг онцолж, ингэснээр өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн ажилтнуудыг бий болгох, сургалтын арга барилыг өөрчлөх, практикт суурилсан сургалтыг өгдөг болгох тал дээр саналаа солилцлоо.

Мөн хамгийн гол чухал асуудал нь ажиллах хүчнээ гадагш нь гаргахаасаа илүүтэй яаж эх орондоо авч үлдэх вэ гэсэн асуудлыг улс орон бүрийн төлөөлөгч нар бас ярилцаж санал бодлоо солилцон энэ талаар дахин дэлгэрүүлэн ярилцаж гарц гаргалгааг хайх, судлах, шийдвэр гаргах хэрэгтэй байгааг дурдсан байна.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-11-17 өдөр 00:00:0 цаг