Даатгалын баталгааг гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах (тендерийн) тухай хууль, Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын УИХ-ын Гишүүн, Төсвийн байнгын хорооны Дарга Г.ТЭМҮҮЛЭН, Монгол Улсын УИХ-ын Гишүүн, Хууль зүйн байнгын хорооны Дарга Л.МӨНХБААТАР, Монгол Улсын УИХ-ын Гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ нар нь 2022 оны 11-р сарын 17-нд Монгол Улсын УИХ-ын Дарга Танд өргөн барьсан билээ.

         Энэ хуулийг барилгын салбарын байгууллагууд нь баяртай хүлээн авч байна. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь барилгын салбарын бүтээн байгуулагч компаниудын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болох хууль гэж бид үзэж байна. Зөвхөн гүйцэтгэгч компаниудаас гадна төсөл хөтөлбөрийн захиалагч талд ч мөн чухал ач холбогдолтой хууль юм. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь батлагдсанаар Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна. Үүнд:

           -Санхүүгийн зах зээлд тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн болон чанарын баталгаанд хувийн хэвшлээс ямар ч хүүгүй банканд байршуулсан мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын эдийн засагт, хувийн хэвшлийн мөнгөн хөрөнгийн урсгалд реформын чанартай дэвшилтэт нөлөө, өөрчлөлтийг бий болгоно. Өнөөдрийн байдлаар баталгаа хэлбэрээр хувийн хэвшлийн 2.8 их наяд төгрөг банканд ямар ч хүүгүй хадгалагдаж байна.

           -Даатгалын салбарт батлан даалтыг гаргах болсноор санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болохын зэрэгцээ батлан даалтын чанар сайжирна. Гүйцэтгэгч байгууллагаас батлан даалтад зориулж хүүгүй хадгалагдах мөнгөн хөрөнгийн хэмжээ 4-5 дахин багасна. Энэ мөнгөн хөрөнгө нь эдийн засгийн эргэлтэд орж төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болно.

             -Даатгалын байгууллага нь батлан даалтыг гаргасан тохиолдолд төслийн явц, хэрэгжилтэд тавигдах хяналт сайжирснаар захиалагчийн хүлээх эрсдэлийг багасгана. Их хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн даатгалын баталгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын даатгалын компаниудаар давхар даатгал хийлгэсэн байх тул захиалагчийг санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаална.

           -Хувийн хэвшлээс төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр, мөнгөн хөрөнгийн урсгал 2-3 дахин нэмэгдсэнээр төсөл хөтөлбөр бүрэн хэрэгжих санхүүгийн боломж бий болно.  

           -Гүйцэтгэгч нар нь урьдчилгаа төлбөрийн 20-30%-ийн банкны баталгааг гаргаж байж урьдчилгаа төлбөрөө авдаг бөгөөд төслийн хэрэгжилтийн явцад шаардлагатай байгаа дараагийн шатны нэмэлт санхүүжилтийг банкнаас зээл хэлбэрээр авдаг. Гэтэл баталгаа маягаар байршуулсан өөрийн мөнгийг эргээд хүүтэйгээр зээл болгон авч төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг энэ эрүүл бус бизнесийн орчныг халах эрх зүйн орчин бүрдээд байна.

           Ийнхүү  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь Төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бодитоор хэрэгжих нөхцөл байдал үүсэж байгаад МБҮА ТББ нь гүн талархалтайгаар хүлээн авч байгааг дуулгахад таатай байна.

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-12-01 өдөр 00:00:0 цаг