МБҮА ТББ-ЫН ТӨСЛИЙН БАГУУД ТӨСЛҮҮДЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

МБҮА ТББ нь “Стратеги төлөвлөгөө 2020-2024” тодотголын хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх 15 төслийг хэрхэн зохион байгуулалтайгаар хэрэгжүүлэх, цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн эрчимжүүлэх талаар хэлэлцэж ярилцах зорилгоор 15 төслийн багийн ахлагчидтай 2023.01.17-ны өдөр МН Тауэрын 7-р давхрын Хурлын танхимд уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Д.Энхтөр, дэд ерөнхийлөгч Б.Чимэгцэцэг, Гүйцэтгэх захирал Л.Хулан, Стратеги, бодлогын зөвлөлийн нэгжийн Дарга Ц.Өнөржаргал, Төслийн багийн ахлагчид, Ажлын албаны ажилтнууд оролцож Төслийн багийн ахлагч нарын хариуцсан төслүүдийг хэрхэн, ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, санал бодлоо хуваалцав.  

МБҮА ТББ-ын УЗГ, “Макс өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Терминал” төслийн Багийн ахлагч Т.Түмэн-өлзий: ТӨСӨЛ НЬ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙСАН Ч ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР НАДАД ТУРШЛАГА СУУХ НЬ ЧУХАЛ

Өөрийн хариуцан ажиллаж байгаа төслийг хэрэгжүүлэхийн төлөө би цаг заваа зарцуулан ажиллана аа. Энэ төсөл нь амьдрал дээр хэрэгжихгүй байсан ч ажлын гүйцэтгэлийн явцад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын менежмент, арга зүйд суралцах, стандартыг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр оролцон суралцаж, цаашид эрхэлж байгаа бизнестээ туршлагаа нэвтрүүлэх нь онцлогтойг дурдав.

МБҮА ТББ-ын Стратеги, бодлогын зөвлөлийн нэгжийн Дарга Ц.Өнөржаргал: ЭНЭ ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АРГА ЗҮЙГ НЬ ЗААЖ ӨГӨӨД ЯВЖ БОЛНО

Та бүхнийг өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид энэ талаар олон удаа уулзалдлаа. Ямар ч байсан Бүтээн байгуулалтын салбарын төслийн удирдлагын форумаа зохион байгуулаад төслүүдээ хуваарилж авсан алхмыг хийсэн байгаа. Тиймээс ямар төслийг, ямар цаг хугацаанд хийхээ товлоод хийх нь зүйтэй байх. Энэ төслийг хийхэд манай Зөвлөх баг та бүхний дэргэд байж, бүрэн зөвлөж туслан ажиллах болно. Тиймээс төсөлд үнэхээр орж ажиллах сонирхолтой хүмүүсийг оруулаад ажлаа эхлүүлээд явах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, манай багт бүх төрлийн төслийг хийж явсан туршлагатай хүмүүс байгаа учир бүх түвшинд туслаад, хэрэгжүүлэхэд арга зүйг нь зааж өгөөд явж болно. Энэ нь урт хугацаандаа барилгын салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд энэ төслүүд маань хэрэг болох юм.    

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: АЖЛАА ЯВУУЛАХ ОНОЛ АРГА ЗҮЙГЭЭР ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛМЭЭР БАЙНА

Одоо бид энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд сэтгэлгээгээ өөрчилж, онол арга зүйгээр ажилламаар байна. Бүх гишүүдээрээ ярилцаж байгаад Стратеги төлөвлөгөөндөө тодотгол хийгээд Ажлын алба 6, Гишүүд 4, Ерөнхийлөгчид 8 гэсэн ажлуудыг хуваарилаад авсан байгаа. Тиймээс энэ ажлуудыг Ерөнхийлөгч нар ч тэр, Гишүүд ч тэр манлайлаад явахгүй бол урагшаа явахгүй ээ. Тиймээс энэ ажлаа хийе гэж бодож байгаа бол манлайлаад оролцоод, хэрэв оролцохгүй, идэвхгүй байх юм бол дахиад энэ талаар гомдоллоод, шүүмжлээд байх шаардлага байна уу.  

МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Д.Энхтөр: НЭГДСЭН САНАА БОДОЛТОЙГООР АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Томоохон ажлын эхлэлийг тавьж байгаа хэн бүхэнд хэцүү байдаг. Ер нь томоохон төсөл хөтөлбөрийг орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, онол арга зүйтэй хийх нь үр дүн сайн байдаг. Энэ төслүүдийг хөдөлгөхийн тулд нэгдсэн санаатай, үзэл баримтлалтай, хариуцлагатай, шат шатны хурлаа цаг хугацаанд нь хийгээд явбал бид нар үр дүнд хүрнэ ээ.

МБҮА ТББ-ын УЗГ, “Тэсо пропертис” ХХК-ийн Бизнесийн хөгжлийн газрын Захирал, “Хөшгийн хөндийн төлөвлөлт” төслийн Багийн ахлагч П.Лхагвадорж: БОГИНО БОЛОН ДУНД ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДЭЭ ЭРЭМБЭЛЭЭД ЭХЛҮҮЛЬЕ

Манайхан төслөө хэт томоор хараад байх шиг байна. Тиймээс тухайн төсөл бүр дээр баг, зорилго, чиглүүлэгчээ тодорхой болгоод эхлүүлбэл зүйтэй байх. Энэ төслүүдээсээ ялгаж аваад богино, дунд хугацаанд гээд эрэмбэлээд хүчээ тарамдуулахгүйгээр ажиллавал хэрэгжиж болох юм шиг санагдаад байна. Шүүмжилж бол хэн ч чадна, тиймээс хүн болгон шийдлүүдээ хэлээд явбал болох байх.

МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан: АЖЛЫН АЛБА НЬ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

МБҮА ТББ-ын УЗГ нь 4 буюу 15 Төслүүдээ хэрэгжүүлэх, Ажлын алба нь 6 буюу Гишүүддээ чиглэсэн ажлаа, Ерөнхийлөгчид нь 8 буюу Нөлөөллийн ажлаа хийхээр ярилцаж  баталсан байгаа. Тиймээс 15 төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд аль төсөл нь эрэлт хэрэгцээтэй байгаагаар нь эрэмбэлээд Ажлын алба нь зохион байгуулалтын ажилд нь дэмжлэг үзүүлж ажиллана. Тиймээс энэ төслүүд дээрээ гишүүдээсээ дахин санал авч эхлүүлэх нь илүү дээр болов уу гэж бодож байна. Ажлын алба нь ажлаа эхлүүлээд ажиллаж байгаа. Эхнийх нь бол Тусгай зөвшөөрөл, дараагийнх нь “Дулаан шийдэл төсөл” буюу УБ хотын агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах хүрээнд бригадуудыг чадавхжуулах ажлыг хийж байна. Удахгүй тэгээд Германаас “Сэргээгдэх эрчим хүч”-ний төсөл орж ирэх гэж байна.    

МБҮА ТББ-ын УЗГ, “Би Ди Эм Ти” ХХК-ийн Захирал, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн Багийн ахлагч Ш.Мөнхсайхан: БҮТЦЭЭ ТОДОРХОЙ БОЛГООД, ХИЙЖ БУЙ АЖИЛД НЬ ДӨХҮҮ ТӨСӨЛ РҮҮ ГИШҮҮДИЙГ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Нэг үеэ бодвол манай МБҮА ТББ маань нэлээн томорч аливаа асуудлуудыг хэлэлцэж ярилцаж байгаад шийдвэрлэх боломжтой болсон байна гэж харж байгаа. Тиймээс улсын хэмжээнд гаргаад тавьсан зүйлийг эхлүүлэх нь зүйтэй байх. Зохион байгуулалтыг зөв хийгээд энэ төслүүдээ эхлүүлээд явах нь зүйтэй байх. Төслийн нэгжийн бүтэц дээр Удирдах зөвлөлийн гишүүд маань ямар чиглэлд бизнес хийж байгаа, тэрүүнд нь дөхүүлээд энэ төсөл нь тэдгээрийн хийж байгаа бизнест нь тус дөхөм болохоор оруулбал зүгээр байж болох юм. Миний хувьд, миний бизнес бол Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа. Тиймээс энэ төсөл дээр ажиллах хүсэлтэй байгаа.

МБҮА ТББ-ын УЗГ, “Оффис партнер” ХХК-ийн Захирал, “One world city” төслийн Багийн ахлагч А.Бүдээханд: ДОЛОО ХОНОГ БҮР ӨГЛӨӨНИЙ ЦАЙТАЙ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАНГАА АЖЛАА ЯРИЛЦАЖ БАЙЯ

Өнөөдөр энд бүгд цаг заваа зарцуулаад төслөө хэрэгжүүлэх гэж цугларч, багаа ахлаад явж байгаа. Тиймээс төслүүдээ хэрэгжүүлэх үүднээс түргэвчлэх, үр дүн гаргах тал дээр нь түлхүү ажиллаад долоо хоног бүрийн аль нэг өдөр нь өглөөний цайтай арга хэмжээг зохион байгуулангаа ажлын явцаа хэлэлцэж, төслүүдээ хэрэгжүүлээд явах нь хамгийн зүйтэй байх.

МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Д.Өнөрболорын бие төлөөлөгч, “Гангийн үйлдвэр” төслийн Багийн ахлагч Г.Идэрхүү: УДИРДСАН ТӨСЛҮҮДЭЭ МАНЛАЙЛААД ОРОЛЦООД ЯВАХ НЬ ЧУХАЛ

Та бүхний саналтай 100 хувь санал нэгдэж байна. Манай багийн хувьд Гангийн үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа. Харин энэ төсөл маань бэлэн байгаа учир багийнхаа хамт ороод гишүүдийн оролцоогоо хангаад ажиллахад бэлэн байна. Тиймээс бүгдээрээ удирдсан төслүүдээ манлайлаад оролцоод явах нь чухал шүү.

Ийнхүү уг уулзалтын үр дүнд Стратеги, бодлогын зөвлөлийн нэгж нь энэ 5 дахь өдөр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа зарим мэдээллийг бэлтгэн явуулах, Ажлын алба нь гишүүдийн үйл ажиллагааны чиглэл болон боловсон хүчний нөөц бололцооны мэдээллийг 15 төслийг эрэмбэлэх санал хураалтыг цахимаар явуулах, үүний дагуу Төслийн багийн ахлагч нар нь шат шатныхаа хурлыг товлоод Стратеги, бодлогын зөвлөлийн нэгжтэйгээ хамтран төслүүдээ эхлүүлэх шийдвэрийг гаргаснаар уулзалт өндөрлөлөө.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-01-19 өдөр 00:00:0 цаг