БАРИЛГЫН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРНА

Барилга, хот байгуулалтын салбарт Жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд БХБЯ нь 3 зорилтын хүрээнд 20 ажлыг 2023 онд төлөвлөсөн бөгөөд түүний дотроос Удирдах түвшний бүрэлдэхүүн, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй ижил түвшинд аваачиж ажиллахаа онцоллоо. 2022 онд БХБЯ нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хүрээнд салбар байгууллагуудын хүрээнд олон ажлыг төлөвлөж хийсэн бөгөөд үүний үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл нь шилдэг зөвлөлөөр тодорсон байна.

Иймд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх, Барилга, хот байгуулалтын хүний нөөц, бүтээгдэхүүн, үйлчилгээг жендерийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээгээр дэмжих, салбарт ажиллагсдын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Түншлэгчид, хувийн хэвшлийн оролцоог дээшлүүлэх хүрээнд ажиллахаа БХБЯ-ны ТЗУГ-ын дарга, Жендерийн Үндэсний хорооны салбар зөвлөлийн дэд дарга Д.Баярсайхан мэдэгдлээ.     

Уг ажлын хүрээнд МБҮА ТББ нь Гишүүн байгууллагуудын хүрээнд ногоон барилгын шийдлүүдэд чиглэсэн сургалт арга хэмжээг зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах уриалга гаргах, цалин хөлс, ажлын байрны орчинтой холбоотой асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, ажилчдыг эрүүл мэндийн багц үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөгөөнд тусган ажиллахаар шийдвэрлэв.

Уг салбар зөвлөлийн хуралдаан нь БХБЯ-ны хурлын танхимд болсон бөгөөд яамны Салбар зөвлөлийн дэд дарга, ТЗУГ-ын дарга Баярсайхан, нарийн бичгийн дарга Н.Лхамсэржид, БХТ ТӨҮГ, салбар түншлэгч байгууллагын төлөөллүүд болон МБҮА ТББ-ыг төлөөлж ХМОНХ менежер Б.Төвшинболор нар оролцлоо.   

            Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд хот суурин, барилга байгууламжийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, бүтээн байгуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбарын ажиллагчдын зохистой хөдөлмөр эрхлэлтийг жендэрийн мэдрэмжтэй бодлого үйл ажиллагаагаар дэмжих, салбарын хэрэглэгчид, түншлэгчдийн оролцоо нэмэгдэнэ хэмээн зорьж байгаа юм.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-01-23 өдөр 00:00:0 цаг